ХОВОР элемэнтийг хариуцах эзэн нь ТӨР...

2018 оны 09 сарын 10

Нүүрс, зэс, алтны салбарын орлогыг төсөвтөө хийдэг манай улс газрын ховор элемэнт гэх анхаарал татсан нэршилтэй  түүхий эдийн үр шимийг хүртэх тухай албаны түвшинд ахицтай яригдаж байна. “Эрдэнэс Монгол” компани  газрын ховор элементийн чиглэлээр компани байгуулахаар ажиллаж буй гэдгээ мэдэгдлээ. Гадны геологчдын судалгаанаас үзэхэд манай улс дэлхийн газрын ховор элемэнтийн нийт нөөцийн 17 хувийг хөрсөн дороо агуулж байгаа гэх.  Өмнөговийн Мушгиа хад, Ховд аймгийн Халзан бүргэдтэй, Төв аймгийн Баяндэлгэр сумын Авдрант, Булган аймгийн Дашинчилэн сумын Агуйт, Дорноговь аймгийн Айраг сумын Модот-Уул  гэхчлэн ил тод болсон орд газрууд бий. Гэхдээ цаана нь 240 гаруй илэрц бий гэх бөгөөд хайгуул судалгааг эрчимжүүлбэл  бодит нөөцийн хэмжээ нэмэгдэж, эдийн засгийн үнэлгээ нь жин дарна гэсэн хүлээлт байдаг. Тэгвэл тухайлсан чиглэлийн компани байгуулснаар АМГТГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын ховор элемент, ислийн 642 сая тонны  нөөц ахина гэдэгт эргэлзэх хэрэггүйг мэргэжилтнүүд хэлж байна.

Газрын ховор элемэнтийн нөөц бүхий дөрвөн ордыг  стратегийн орд газруудад хамруулах талаар ярьж байсан ч, Халзанбүргэдтэй, Лу-гийн гол, Мушгиа худаг, Хотгорын газрын ховор элементийн ордыг бүрэн судлагдаагүй, баяжуулах, боловсруулах технологийн шийдэл тодорхойгүй гэдэг шалтгаанаар хэлэлцэхээс татгалзсан байдаг. Харин одоо төрийн өмчийн компанийн нэрээр тэдгээр ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах бол стратегийн гэх ангилалд багтаах  тухай хаагдсан сэдэв сэргэх болов уу. Ховор элемэнтийн салбар дахь хөрөнгө оруулагчдын сонирхлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал төр засгаас бодлого шаардаж таарах юм. Зарим ордуудад Солонгос, Японууд эзэн суусан гэх мэдээлэл өнгөрсөн жилүүдэд цацагдаж байсныг сануулъя.  


Дашрамд, газрын ховор элемэнт гэх түүхий эдийн талаар тодотгох хэрэгтэй байх. Та бидний өдөр тутмын өргөн хэрэглээний олон тоног төхөөрөмжид газрын  ховор  шороон  элементүүд  болон  тэдгээрийг  агуулсан  хайлш    хэрэглэгддэг. Дэлхий даяар хэн бүхний хэрэгцээ болсон гар утасны үндсэн тулгуур түүхий эд нь газрын  ховор   шороон   элемент. Зөвхөн гар утсаар зогсохгүй  компьютер, дахин цэнэглэдэг батерей гэхчлэн технологийн дэвшил үнэртсэн бүх л зүйлс газрын ховор элементийн  нэгдэлгүйгээр бүтээгдэх боломжгүй аж. Цаашлаад, атомын цахилгаан станц, атомын бөмбөг, цөмийн реакторын түлш, металлургийн үйлдвэрлэл,  автомашины мотор, аккумлятор,  оптик линз, үнэт чулууны үйлдвэрлэл гэхчлэн тун чухал салбаруудад хэрэгтэй түүхий эд. Тэгэхээр газрын ховор элемэнттэй эдийн засгийн стратегийн түүхий эд гэх ойлголт зэрэгцэж яригдахаас ч яахав.

Шинжлэх ухааны талаас бол газрын ховор шороон  элементүүд нь Менделеевийн үелэх системд нэгэн дор  байрладаг 17 элементээс тогтсон нэг бүлэг. Тэдгээр элементүүд нь  бүгд  металл  бөгөөд тэр бүлэг металлыг газрын ховор шороон  металл  гэж  мөн  нэрлэдэг юм байна.

Тодотгоход, Америк, Герман, Япон, Солонгос зэрэг  улс орнууд дахь газрын ховор элемэнтийн эрэлт өссөөр байгаа. Харин уг түүхий эдийн зах зээлийг дөчөөд жилийн өмнөөс гартаа атгаж,  90 гаруй хувийг дангаараа олборлон монополь байр суурийг эзлэсэн Хятад улсын хувьд нөөц буурч байна, байгаль экологи ч хэцүүдэж байна гэсэн үндэслэлээр нийлүүлэлтээ хумих талаас нь байр сууриа илэрхийлж ирсэн. Ямартай ч газрын ховор элемэнтийн төлөөх дэлхийн улс орнуудын эрэлхийллээс манай улс хожих уу гэдэг нь анхаарал татсан сэдэв юм. Тиймээс ч газрын ховор элемэнтийн чиглэлээр ТӨР компани байгуулах гэж буйг онцлон харж байна.

Э.Болорхажид  

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.26.231) 2018 оны 09 сарын 13

komunizmiin ued ch mongold zasag baigaagui

0  |  0
zochin(64.119.26.231) 2018 оны 09 сарын 13

HUND PASPORTOO ASHIGLUULAHTAI ADIL

0  |  0
Бат(86.24.200.167) 2018 оны 09 сарын 12

Газрын ховор элeхэнтийн лицензийг хятадууд эзэмшдэг, их хурлын гишүүд ч хятадуудын хяналтанд байдаг. Тиймээс ашиглаж чаддаггүй, уг нь нүүрсээ зөөхгүйгээр үүнийгээ ашиглахад нүүрснээс их мөнгө орж ирэх юм билээ. Гишүүд нь ашиглуулаагүйнхээ төлөө харин харамж авдаг байж магад. Уг нь ойрын 3-5 жилд ашиглалтын лиценз авахгүй бол хураана гэж хууль гаргаад буцааж аваад ашиглахад хөрөнгө гаргах улстай хамтарвал...

0  |  0
Уурхайчин(103.212.117.132) 2018 оны 09 сарын 10

Төр оролцоод эхэлвэл буруутаад явчихна даа?! Зүгээр л ГХЭ-ийн талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхойлох л хэрэгтэй?! Хэрэгжүүлэхийг нь хувийн хэвшил ГХО-таы хамтрахд хийх гь зөв?!?!?! Ер нь дэлхий дээр стратегийн орд гэж байхаа больсон. Зарим оронд зарим нэг бүтээгдэхүүнийг стратегийн гэж түр зуур нэрлэх болсон. Энэнээс өолж ГХО дайжиж байгааг ойлгох ухаантай төрийн зүтгэлтнүүд алга уу, та минь ээ

0  |  0
Top