50 хувийн нэмэгдэл цаас болох “ЭРСДЭЛ”-тэй шүү, багш нар минь!

2018 оны 09 сарын 11

Цалингаа 50 хувь нэмэхийг шаардсан багш нарын тэмцэл суултаар үргэлжилж байна. Хөдөлмөрөө хүссэнээрээ үнэлүүлэх гэсэн багш нарын шаардлагыг юу юугүй үгүйсгэх хэцүү ч, бодит нөхцөл байдлыг харах хэрэгтэй.  Манай улс ганцхан жилийн өмнө  өр ширээ дарж чадахгүйдээ тулж, дефольт ч зарлаж мэдэх хүндрэлд орсон улс орон гэгдэн гадны хэвлэлүүдэд бичигдэж байсан билээ. Аргаа бараад хандив хүртэл цуглуулж байв. Нэгэнтээ манай тухай бараан саарал мэдээлэл олон улс даяар цацагдсан  тул найдаж мөнгө өгөх газар байгаагүй. Тиймээс ч ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж, улстөр, эдийн засгийн аливаа шийдвэрүүд гаргахдаа зоргоороо загнах боломжгүй болсон. Энэ бол бодитой зүйл. ОУВС манайд мөнгө шийдэхдээ Монголын Засгийн газар урд өмнөх алдаануудаа давтах ёсгүй гэсэн шаардлагыг нэн тэргүүнд тавьсан.  Гэхдээ бүхэл бүтэн улсын Засгийн газар учраас нийгэм, эдийн засгийн чухал шийдвэрүүд гаргахдаа аль болох нааштай талаас нь боломж, нөөцөө харсан байдлаар ярилцана гэсэн ойлголцолтойгоор хөтөлбөрийг эхлүүлсэн байдаг. Тэрчлэн цалинг үнийн өсөлттэй уялдуулан нэмэх ёстой гэдэг дээр талууд ойлголцсон гэдгийг Сангийн сайд хэлж байсан.  

Багш нарын цалинг 9 дүгээр сарын 1-нээс 8-30 хувиар нэмсэн шийдвэр бол яг өнөөдрийн бодит боломжид тулгуурласан шийдвэр гэдгийг эдийн засагчид хэлж байна. Инфляци буюу үнийн өсөлт 8 хувьтай, Төв банкны зорилтот түвшинд тулчихаад байгаа ийм үед цалингийн хэмжээгээр бодлогогүйгээр наадах нь төгрөгийг цаас болгох эрсдэлтэй. Гэвч багш нар цалингаа 50 хувь нэмэхийг шаардсаар байна. Цалинг 50 хувиар нэмэхэд нэг их наяд төгрөг шаардлагатай. Ийм хэмжээний  мөнгөний эх үүсвэрийг зөвхөн хэмнэх замаар гаргах боломжгүй. Цалин нэмэх гэдэг бол зөвхөн ганц жилийн, нэг удаагийн асуудал биш. Дараа жил дахиад нэг их наяд төгрөг гаргах шаардлагатай гэж харвал төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр хамгийн түрүүнд  тодорхой болсон байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр дуулиан шуугиан, жагсаалыг дарах зорилгоор “цалин нэмэх” шийдвэр гаргах нь асуудлыг шийдэх бус эсрэгээрээ улс орны нөхцөл байдлыг нэмж хүндрэлд оруулж таарах юм.

Цалин нэмэх шаардлага зөвхөн багш нарт байгаа юм биш. Төрийн бүх л албан хаагчдад бий. Төрийн албан хаагчдын нийт цалингийн сан одоо хоёр их наяд орчим. Зөвхөн багшийн биш цэрэг, цагдаа, онцгой албаныхан гээд бүх л албан хаагчдын цалинг нэмэх зорилго төрд байх ёстой. Татвар төлөгчдийн мөнгөнөөс 183 мянган хүн цалинждаг. Төсвийн 5 төгрөг тутмын 1 төгрөгийг цалинд зарцуулж байна. Тэр нь түрүүн хэлсэнчлэн хоёр их наяд орчим буюу 1.8 их наяд төгрөг болж байгаа. Хэрэвзээ багш нарын өнөөдрийн шаардлагыг зөвшөөрөөд цалингийн зардлыг 1 их наяд төгрөгөөр нэмлээ гэхэд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, автозам гэсэн бүтээн байгуулалтын ажлууд ирэх онд хөдлөхгүй. Тэр хэрээр эдийн засаг царцана. Хувийн хэвшлийнхэнд хүндрэл үүснэ. Бараа, үйлчилгээ бүхий л зүйлсийн үнэ өсөж, нөгөөх хүсээд байсан 50 хувийн нэмэгдэл нь эдийн засгийн утгаараа үнэ цэнээ алдах юм.

Цалинг үнийн өсөлтийн  түвшинээс илүү хувиар нэмэхээр өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсөх эрсдэлтэй. Угаасаа энэ эрсдэлийг бодит утгаар нь хэрэгжүүлчих хүмүүс “цалин нэмэх нь үү” гээд хүлээж байгаа. Угтаа бол төгрөг цаас л болох учраас цалин нэмүүлсэн албан хаагчдад ч, бараа үйлчилгээнийхээ үнийг нэмсэн хувийн хэвшилд ч, аль алинд нь бодитой ашиг очихгүй.

Болдог бол цалинг тооцоо судалгаанд суурилаад, үнийн өсөлттэй уялдуулж, хөөсрүүлэхгүйгээр нэмээд явах нь зөв л дөө. Өмнөх Засгийн газрууд тэгж л шийдвэрлэх ёстой байсан. Үнийн өсөлтийн сум нэг гозойчихвол төрийн албан хаагчдын бодит орлого буурч,  өнөөдрийн гол сэдэв болох 50 хувийн нэмэгдэл чинь юу ч биш болж хувирах бодит эрсдэл байгааг манай төрийн албан хаагчид, багш нар ойлгож сэхээрэх хэрэгтэй л байна даа.

Э.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.76) 2018 оны 09 сарын 11

Юмны үнэ буулга гэж буцаад жагсаарай

0  |  0
зочин(203.91.118.180) 2018 оны 09 сарын 11

АЖИЛГҮЙ БАГШ НАРЫГ ТАТАН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭВИЙН ЯВУУЛЬЯ. ҮНЭНДЭЭ БАГШ НАР ХАМГИЙН ИХДЭЭ 6 ЦАГСЛ АЖИЛЛАДАГ. ТЭГЭЭД ГАРААД ЯВЧИХДАГ Ш ДЭЭ

0  |  0
aagi(103.26.195.159) 2018 оны 09 сарын 11

AN gadniihnii yavuulj bgaa bodlogo shuu dee. Manai ulsiin ediin zasagiig ted nar bosgohgui.dan gants bagsh nar tsalin muutai ni bish. 50% nenmbel huviin hevshil ajilgui irged uls oron aar ih hohirol amsana

0  |  0
Ард түмэн(202.9.40.140) 2018 оны 09 сарын 10

ЗГ байнга л эдийн засаг хямралтай бна гэдэг. Тэд өөрсдөө болохоор тэрбумаар нь тендер нэрээр иддэг. Тэдний тайлбарыг үнэмшээд хүлээгээд байвал насны эцэс хүртлээ хүлээнэ. Тиймээс тэмцлээ үргэлжлүүлэн ард түмнийг босгон хувьсгал хийвэл бүр сайн.

0  |  0
зоо(66.181.161.113) 2018 оны 09 сарын 10

Тууштай байх.тууштай байвал амжилтанд хүрнэ

0  |  0
Бодит бай(66.181.180.206) 2018 оны 09 сарын 10

АЖИЛГҮЙ БАГШ НАРЫГ ТАТАН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭВИЙН ЯВУУЛЬЯ. ҮНЭНДЭЭ БАГШ НАР ХАМГИЙН ИХДЭЭ 6 ЦАГСЛ АЖИЛЛАДАГ. ТЭГЭЭД ГАРААД ЯВЧИХДАГ Ш ДЭЭ

0  |  0
зочин(202.9.43.97) 2018 оны 09 сарын 10

тэмцлээ бүү зогсоо

0  |  0
иргэн (202.179.26.162) 2018 оны 09 сарын 10

Улс орон Хямарсан нь явж явж Иргэд бидний Буруу юу энэ олон жил ээлжлэн Төр барьж АН МАН-уудын Буруутай үйл ажиллагаа Эдгээр Намуудын Төрийн өндөрлөгт байх даа тарьсан Балагаас болж Улс оронд маань Хямрал нүүрэлчихээд байна шүү дээ Улс орноо ийм байдалд хүргэсэн АН МАН-ыхан Хариуцлага хүлээх ёстой

0  |  0
Top