Удаан яригдсан “Баялгийн сан”-г байгуулж амжих уу, энэ ОНД...

2018 оны 09 сарын 11

Монголын эдийн засгийн өсөлт  2011 онд 17.3 хувьд хүрч, түүхэн дээд амжилт бүртгэгдээд байв. Том төслийг хөдөлгөсний дараахан,  арван оноос дэлхийн эдийн засгийн хямрал илаарших чиглэлдээ орсон тэр үед  манайхыг чиглэсэн мөнгөний урсгал боломжийн байв. Харин тэр үеийн таатай нөхцөл байдлыг чулуу болгон ашиглаж чадаагүйн горыг өнөөдрийг хүртэл бид амсаж байна. Жил гаруйн өмнө хямралтай нүүр тулж, хаанаас мөнгө босгох вэ гэж тархиа гашилгаж байсан Монголын төр ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлснээр байдал арай дээрдсэн. Хэдийнгээр дэлхийн зах зээл дээрх түүхий эдүүдийн ханш тогтвортой түвшинд хадгалагдаж буй ч, эрсдэл дэргэдээс салах болоогүй байна. Төсөв пологтож байхад, угтах жилүүдийнхээ суурь болсон томоохон шийдвэрүүдийг гаргалгүй, түгжиж, байгаагийнх нь зоргоор цацсан.  Уг нь Хүний хөгжлийн сан гэж байгуулаад, хөгжлийн төв болсон хүнийг дэмжинэ гэсэн ч, хэрэг дээрээ сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх, бэлэн мөнгө тараах суваг болгон  ашигласан.

Орлогын эх үүсвэр хумигдмал, олон өнгөт эдийн засгийн бүтцийг бий болгож чадаагүй өнөөдөр бид тэгээд яах вэ. Ийм маягаараа ирээдүйдээ бид юу үлдээх гээд байна вэ гэдгээ бодох хэрэгтэй байгаа. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар   “Эрдэнэс Монгол” компанийг хөгжүүлэх замаар баялгийн сан байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж хуулийн төсөл боловсруулж буйг дуулгалаа. Үнэндээ бол энэ шинэ сэдэв биш. Гэхдээ үнэхээр ажил хэрэг болвол том ажил. Эргэн санахад, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баялгийн сангийн тухай хуулийн төсөл санаачлаад, томоохон хэлэлцүүлэг өрнүүлж байсан. Гэхдээ бодитой шийдэлгүй өнгөрсөн. Харин Д.Сумъяабазар сайдын хэлээд байгаачлан  байгалийн баялгийг ирээдүй хойч үедээ шударгаар хуваарилах,  эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үүднээс Үндэсний баялгийн санг бий болгоно гэсэн яриа бас л цаасан дээр үлдэх үү, эсвэл... гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Манай тухайд ямар нэг зүйл хийж, хэрэгжүүлэх тухай ярихаараа заавал дэлхийн улс орнуудын туршлага руу өнгийх хэрэгтэй болдог. Тэгвэл хэдэн бор төгрөгөө хулганы хоол болгочихгүйн тулд банкинд хадгалуулах ёстой юм байна гэсэн ойлголтыг нийгмээрээ авч байсан Монголчууд үнэн хэрэгтээ хурааж хуримтлуулах ухааныг нэг л нутагшуулж чадахгүй яваа. Түмний өмнөөс төрд засаглаж яваа нөхдүүд ч нэг тиймэрхүү. Уг нь манайх шиг уул уурхайн үндсэн орлоготой улс орнууд Үндэсний хуримтлалд Үндэсний баялгийн сангаа  оруулж тооцдог. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдүүдийн ханш үргэлж ногооноор тэмдэглэгддэггүй. Тиймээс ч уул уурхайн орлого бол эрсдэлтэй гэдгийг урьдчилж харснаа, ажил хэрэгтээ нэвтрүүлж чаддаг улс орнууд орлогоо бүгдийг нь үрж цацалгүй, тодорхой хэсгийг нь цаашаа хийдэг. Ерөөсөө уул уурхайд суурилсан эдийн засаг нь эрх баригчдаас зохицуулалт шаарддаг байх.

Д.Сумъяабазар хэлэхдээ  “Үндэсний баялгийн сангаар дамжуулж, нийгмийн олон салбараа дэмжиж хуримтлал бий болгодог жишиг олон улсад бий. Сингапур, Казахстан, Норвеги зэрэг оронтой баялгийн сангаараа дамжуулж, нийгмийн салбаруудаа хөгжүүлж ирээдүйд хуримтлал бий болгосон орнуудын жишээг бид нэрлэж болно. Өнөөдөр Казахстан улс гэхэд хоёр том баялгийн сангаар дамжуулан дэлхийн зах зээл дээр хувьцаа гаргаж, худалдаж авдаг. Бид баялгийн сангийн тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн болон ашигт малтмалын үнэ өсөлттэй байгаа таатай үеийг бид ашиглах ёстой. Ирээдүйн 10 жилд бидэнд ийм боломж олдохгүй.   Үндэсний баялгийн сангаа 2018 онд амжиж байгуулахгүй бол улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч эерэг дүр зураг харагдахгүй” гэсэн юм.

 Тэгэхээр сайдын хэлж буйгаар олон жил яригдсан Үндэсний баялгийн санг энэ жилдээ багтаан, хуульчлан  байгуулж мэдэх нь. УУХҮЯ-ны мэргэжилтнүүд  Үндэсний баялгийн сангийн Техник, эдийн засгийн үндэслэлийг УУХҮЯ-ны мэргэжилтнүүд боловсруулж буй юм билээ. Сангийн суурь болж цаашид үйл ажиллагаа явуулна гэгдэж буй “Эрдэнэс Монгол”-ын  бүтэц, зохион байгуулалт, менежментийг нь сайжруулах шаардлагатай байгаа аж.


Дашрамд, дэлхийн зарим улс орны  баялгийн сангийн талаар товчхон хүргэе.

Чили улсын туршлага...

Манай улсын тухайд Чилийн туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж хэлдэг эдийн засагчид бий. Тэгвэл  Чили улс нь Тогтвортой байдлын 3 төрөл буюу  Хадгаламжийн, Тэтгэврийн, Эдийн засаг нийгмийн тогтворжуулалтын сангуудтай. Төсвийн хомсдолтой үед ашиглах эсвэл нийгмийн өрийг дарах хоёр чиглэлд ашигладаг. Жил бүр энэ хадгаламжаас ДНБ-ий 0.5 хувьтай тэнцэх хэмжээг тэтгэврийн нөөцийн сан руу шилжүүлдэг. Ирээдүйд энэ нөөцнөөс оюутнуудыг гадаадад сургах тэтгэлэг ашиглах магадлалтай гэж тооцсон байдаг. Төв банк нь Сангийн яамны өмнөөс гадаадад хөрөнгө оруулдаг.  Үүнийхээ төлөө Сангийн яамнаас 0.01 хувийн төлбөр авдаг. Хөрөнгө оруулалтын 70 хувь нь АНУ-ын засгийн газрын үнэт цаасанд, бусад нь Европ, Японд явагддаг. Сангийн хөрөнгийг  дотоодын хөрөнгө оруулалтад ашиглавал улстөрийн дарамтад өртөх магадлал өндөртэй гэж үздэг. Иргэддээ ногдол ашиг хуваарилдаггүй.  Төсвийн дансанд анх ДНБ-ийнхээ 1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө байлгах зорилготой байсан аж. Чилийн дансны илүүдэл нь хэдийгээр 8-9 хувьтай байсан ч, 1 хувьтай байсан шиг зарлага гаргадаг. Энэ илүүдлийг Чили улс үрэхгүй хадгалдаг бөгөөд жил бүр дансны бүтцийн хэмжээг хянаж, эдийн засгийн нөхцлүүдтэй зохицуулж, өөрчилдөг аж. Их хэмжээний хадгаламжийг тогтвортой байдлын сан руугаа шилжүүлдэг байх нь.

Казахстаны Үндэсний сан дотоодын зах зээлд хөрөнгө оруулдаггүй

Казахстаны Үндэсний сангийн хөрөнгийн итгэмжлэгдсэн удирдлагыг Казахстаны Үндэсний банк хэрэгжүүлдэг. Үүнийхээ төлөө улирал бүр сангийн хөрөнгийн тодорхой хэсгийн 0.075 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр авдаг.Үндэсний сангийн хөрөнгө нь тогтворжуулалтын хэсэг, хадгаламжийн хэсэг гэж хоёр хуваагддаг. Хадгаламжийн хэсгийг  хөрөнгө оруулалтын зориулалтаар ашигладаг. Хадгаламжийн хэсгийн хөрөнгийн 75 хувийг орлого нь тодорхой үнэт цаасанд, 25 хувийг хувьцааны хөрөнгө оруулалтад оруулдаг. Хөрөнгө оруулалтыг зөвхөн гадаадын хөрөнгийн зах зээл дээр гадаад валютаар байршуулдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын төрөл бүрийн, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн зах зээлийн хэрэгслүүдэд өндөр хөгжилтэй улсуудын зах зээл дээр байршуулдаг байна. Казахстаны үндэсний сангийн активийн гадаад удирдлагыг дэлхийн томоохон банкууд болох Citibank, Deutsche bank, ABN Amro зэрэг  банкууд гүйцэтгэдэг. Тус сангаас дотоодын зах зээл дээр хөрөнгө оруулдаггүй. Үндэсний сангийн  хуримтлалын эх үүсвэр нь  нефтийн салбарын шууд татварууд, тус салбарын ашгийн татвар, нөөц ашигласны төлбөр, үнийн өсөлтийн албан татвар, бүтээгдхүүн хуваах хувийн төлбөр зэрэг юм. За мөн   хөдөө аж ахуйн зориулалттай газрыг худалдан борлуулсны төлбөрийн орлого, Казахстан улсын татварын хууль тогтоомжоор хориглоогүй бусад татвар орлогыг тус санд төвлөрүүлдэг аж.

Э.Болорхажид

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.27.106) 2018 оны 09 сарын 12

байгаа Баялгаа Зөв зохистой ашиглаж Хувиарлаж чадахгүй Улс орноо Өрөнд бариулж Ард иргэд ээ Тарчигхан амьдралаар явуулж байж бас Баялгийн сан байгуулана гэчихжээ Өөрсөндөө л Та нар Хулгайлж Луйвардсан юмаараа Баялгийн сан байгуулах гээгүй юм бол юугаараа Баялгийн сан байгуулах гэж байгаа Нөхдүүд вэ Цалин Тэтгэвэрээ нэмэж чадахгүй байж

0  |  0
Золоо(49.0.149.9) 2018 оны 09 сарын 12

Энэ балай бөх юугаа хийж чаддаг юм 60-н тэрбумаас л бүрдүүлэлцээ биз.

0  |  0
Иргэн(202.9.43.124) 2018 оны 09 сарын 12

БАЙГАЛИИН БАЯЛАГИИГ АРД ИРГЭД ХҮРТЭХ ЁСТОЙ ОФШОРТ ТА НАР ХУРИМТЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА АРД ИРГЭДЭД АШГИИГ НЬ ХҮРТЭЭ

0  |  0
zochin(139.5.218.182) 2018 оны 09 сарын 11

ALI 2007 ONOOS YARSAN

0  |  0
зочин(203.91.118.247) 2018 оны 09 сарын 11

Энэ маш чухал зүйл ярьж байгаа юм байна, үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй тэгж чадвал энэ ард түмэнд маш том буян болно шүү, АН-ын бузаруудаас хол байвал хэрэгжихгүй зүйл гэж байхгүй л дээ, уул нь

0  |  0
ИРГЭН(66.181.177.21) 2018 оны 09 сарын 11

Энэ МАН-ын МАНГАР БӨХ хоосон чалчихаас л цаашгүй дээ...

0  |  0
1(103.50.207.150) 2018 оны 09 сарын 11

Дисковери Монголиа хурал дээр сангаа байгуулаагүй байж яаж зарцуулахаа л яриад байх юм.

0  |  0
ас(203.91.112.198) 2018 оны 09 сарын 11

энэ сумаабазаа юу ч шийдэж чадахгүй ээ чадал нь тэр юм чинь үүни йг хараад ёстой бухын доодохыг харах л ажил

0  |  0
Top