Өнөөдөр 2019.05.01. Монгол эх оронд маань нар 05 цаг 37 минутад мандлаа.
Улаанбаатар хотод 19 градус, багавтар үүлтэй. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр. Улс орнуудад энэхүү өдрийг Майн нэгэн, Хөдөлмөрийн баяр, Хаврын баяр ч гэдэг. Өнөөдөр Казахстанд Ард түмний нэгдлийн өдөр бол Хавайн арлуудад Хавай бүжгийн баярын өдөр тохиож байна.
Энэ өдөр Хятад, Америкийн кино найруулагч Жон Ву, Зөвлөлт болон Беларусийн ардын жүжигчин Александр Ефремов, Америкийн гитарчин, хөгжмийн зохиолч бага Рэй Паркер, Германы алдарт хөлбөмбөгчин Оливер Бирхофф, “Грейгийн амьдралын 50 сүүдэр” киноны од, Британийн жүжигчин Жэйми Дорнан зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:
1931 оны энэ өдөр Дотоод явдлын яамыг татан буулгажээ. Тус яамны үүргийг ардын засгийн газрын захирах, байгуулах хэлтэст шилжүүлсэн байна.
1993 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ. Сонгуульд МАХН-аас Л.Түдэв, Монголын ардчилсан намаас П.Очирбат нар Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэр дэвшив.
1997 оны энэ өдөр Монгол Улсын Засгийн газар импортын барааны гаалийн татварыг “тэглэв”.
2010 оны энэ өдөр Монгол, Хятад улсын хамтарсан Соёлын төв байгуулахыг санал нэгтэйгээр зөвшөөрч, харилцан гарын үсэг зурсан байна.
2015 оны энэ өдөр “Монголын цахим сэтгүүлзүйн анхдугаар форум” Төрийн ордонд болжээ. Форумаар “Улаанбаатарын цахим тунхаг”-ийг батлав.
Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:
1899 оны энэ өдөр аспирин анх худалдаалагдаж эхэлжээ.
1978 оны энэ өдөр Их Британид анх удаагаа Тавдугаар сарын 1-нийг улсын баяр гэж тэмдэглэжээ. Мөн энэ өдөр Японы иргэн Наоми Уэмура дэлхийд анх удаагаа нохой чаргаар Хойд туйлд хүрчээ.
1979 оны энэ өдөр Элтон Жон дэлхийн хэмжээний эстрадын оддоос анх удаагаа Израильд тоглолтоо хийжээ.
1989 оны энэ өдөр АНУ-ын Орландо хотод “Диснейн ертөнц” соёл амралтын хүрээлэн нээгдэв.
Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн. Энэ өдөр бар жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаад хянамгай байгаарай. Өнөөдөр хүүхэд үрчлэн авах, байшингийн суурь тавихад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцохыг цээрлээрэй. Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Сэтгэгдэл ( 0 )