“Цээжний хөндийн дурангийн мэс засал” сургалт зохион байгууллаа

2019 оны 07 сарын 30

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг, Монголын цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг хамтран “ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН ЮНИПОРТ ДУРАНГИЙН МЭС ЗАСАЛ” сэдэвт мастер класс сургалтыг 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав. Тус сургалтыг Испани улсын “Коруна” их сургуулийн эмнэлгийн цээжний хөндийн мэс заслын эмч, Шанхай хотын “Уушгины мэс заслын төв”-ийн юнипорт мэс заслын сургалт хариуцсан захирал, АУ-ны доктор, профессор ДИЕГО ГОНЗАЛЕС РИВАС удирдан явууллаа.


Тус сургалтыг удирдан явуулсан доктор Диего Гонзалес Ривас нь Шанхай хотын “Уушгины мэс заслын төв”-д цээжний хөндийн юнипорт дурангийн мэс заслын сургалтын программыг боловсруулан нийт 72 гаруй орны 500 гаруй цээжний хөндийн мэс заслын эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан бөгөөд тэрээр 2008 онд “Дуке” эрүүл мэндийн төвд цээжний хөндийн мэс заслын даблипорт мэс засал хийх арга техникт суралцаж, 2009 онд портын (uniport) хүрцээр уушгины дэлбэн тайрах өөрийн мэс заслын арга техникийг мэс заслын тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, эмчилгээний үр дүнд судалгаа хийж, 100 гаруй өгүүлэл бичиж хэвлүүлсэн байна.

Тус сургалтанд Доктор Диего Гонзалес Ривас “Юнипорт цээжний хөндийн дурангийн мэс заслын түүх, Одоо ба Ирээдүй” сэдвээр сургалт, мэдээллийн үйл ажиллагаа явуулж, уушгины хавдар, уушги тэлэгдэх эмгэгтэй 2 эмчлүүлэгчдэд юнипорт мэс заслын аргаар уушгины дэлбэнг тайрах мэс заслын эмчилгээг Ерөнхий мэс заслын тасгийн эмч нартай хамтран хийсэн бөгөөд улсын болон хувийн хэвшлийн 13 эрүүл мэндийн байгууллагын нийт 80 гаруй мэс заслын эмч мэргэжилтэн хамрагдлаа.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top