Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй "Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн" өчигдөр /2019.08.21/ эхэллээ.
Манай улсад анх удаа зохиогдож байгаа уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын халдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож дэлхий дахины томуу, томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж туршлага солилцож байна.
Мөн хүйтний улирал ойртож, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусийн онцлог, тандалт хяналтын талаар зөвлөмж гарах юм.
Ийнхүү гурван өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнд оролцож байгаа оролцогчдын байр суурийг хүргэж байна.
ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн онцгой байдал хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэгч Др.Чин-Кей Ле“Томуугийн цартахлын аюулаас хамгаалахын тулд улс орнууд хамтран ажиллаж мэдээлэл солилцох шаардлагатай.
Тиймээс жил болгон уг асуудлаар олон улсын хурлыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд 13 дахь удаагийн хурлаа Монголд амжилттай зохион байгуулж байна. Хуралд томуугийн асуудал хариуцсан үндэсний байгууллагын төлөөлөгч болон энэ чиглэлийн мэргэшсэн хүмүүс оролцож хамтдаа томуугийн цартахлын болзошгүй эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, бусад халдварт өвчнөөс яаж хамгаалах талаар санаа бодлоо чөлөөтэй хуваалцаж, гарах гарц гаргалгааг тодорхой хэлэлцэж байна. Мэдээж энэ зөвлөгөөнөөс тодорхой үр дүн гарна гэдэгт найдаж байна.
Эрүүл мэндийн тогтолцоо сайн бэхжээд аливаа өвчин халдвараас иргэдээ хамгаалах чадвартай болох юм бол онц ноцтой байдал тулгарсан ч асуудалгүй даваад гарна. Нөгөө талаасаа халдвар гэдэг бол аливаа улсын хил хязгаарт баригддаггүй, хил дамнан дамжиж тархаж байдаг учраас улс орны хамтын ажиллагаа бие биедээ туслах уялдаа холбоо чухал байх ёстой. Бас нэг зүйлийг онцлоод хэлэхэд, томуугийн эсрэг чадавхийг бэхжүүлэх, томуугийн эсрэг мэргэжилтнүүдийг бэлтгэхээс гадна эрүүл мэндийн тогтолцоо буюу ерөнхий чадварыг маш сайн сайжруулснаар ямар ч халдварт өвчнөөс аль ч улс үндэстэн өөрийгөө хамгаалж чадна гэж боддог” гэлээ.
Австрали улсын ДЭМБ-ын Томуугийн лавлагааны төвийн орлогч дарга Доктор Иан Барр “Манай улсын хувьд Монгол Улстай уур амьсгал их төстөй. 2019 оны улиралын томуугийн өвчлөл нэлээд өргөн цар хүрээтэй байлаа. Бид нар томуугийн эсрэг арга хэмжээгээ лабораторид түшиглэсэн тандалтын тогтолцоогоо ашигладаг. Дээрээс нь эмнэлгүүд маань идэвхтэй оролцдог. Томуугийн халдвараар хүний амь нас эндсэн тохиолдолд тандалтын тогтолцоогоо маш нарийн хянаж, учир шалтгааныг нь илрүүлдэг. Энэ жил томуугийн улирал нэлээд эрт эхэлж байна. Манай улсад 75 аас дээш насны хүмүүс томуугийн халдвар авсан тохиолдолд эмнэлэгт шууд хүргэгддэг” гэв.
ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр “Томуугийн эсрэг хамтдаа олон улсын зөвлөгөөн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой, ач холбогдолтой болж байгааг хэлэхэд таатай байна.
Жилд томуугийн улирал эхлэнгүүт тухайн жил баримтлах бодлогыг тодорхойлдог. Энэ удаагийн хурлаар 2019-2020 оны томуугийн улиралд баримтлах зарчим, ялангуяа эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангахад чиглэж, томуугийн улиралд хэрхэн сэргийлэх үү, өвөрмөц дархлаажуулалт буюу тухайн халдвар үүсгэгчийн эсрэг ямар вакциныг хэрэглэвэл үр дүнтэй байх вэ гэдгийг нотолгоонд суурилсан анагаах ухааны баримт судлагаан дээр үндэслэж хэлэлцэж шийдвэрлэдгээрээ ихээхэн онцлогтой боллоо.
Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад 3-4 үүсгэгчтэй томуугийн вакциныг үйлдвэрлэхийг үйлдвэрлэгч улс орнуудад ДЭМБ-аас зөвлөж байгаа юм байна. Дөрвөн үүсгэгчийн хоёр нь өмнөх жилүүдэд манай улсад гарч томуугийн гол үүсгэгч болж байсныг та бүхэн сайн мэдэх байх. Тодруулбал, томуугийн А хүрээний H1N1 вирус болон H3N2 вирус хэвээрээ хадгалагдаж байна. Нөгөө талаар В хүрээний вирусийн хувьд дэд бүтэц нь бага зэрэг өөрчлөгдөх шинжтэй байгаа юм. Дэлхий даяар тархсан томуугийн тандалтын төвүүдийн дээж сорьцон дээр үндэслэж чиг хандлагыг нь тогтоодог. Үүний дагуу Монгол Улсад зонхилон тохиолддог гурван үүсгэгчийн эсрэг вакциныг ДЭМБ-иудад захиалж байна.
Дээрх зөвлөгөөнд оролцож байгаа 28 орон бүс нутгийн хувьд янз бүрийн улс. Эдийн засаг, улс төр, нийгмийн нөхцөл байдал нь ч янз бүр. Тийм учраас томуугийн дэгдэлтийн үеэр тухайн улс орондоо авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон туршлагаа солилцож байна. Бид нар ч гэсэн өөрийнхөө улс оронд явуулсан бодлогынхоо талаар ярьж, бусдаас суралцаж, арга барил туршлага хуваалцаж судална гэдэг асар том боломж гэж харлаа. Анх удаа өөрийнхөө нутагт зохион байгуулж байгаа учраас манай улс оролцооны хувьд салбар яам болон эрүүл мэндийн байгууллагаа сайн оролцож байна” гэв.
Академич, АШУ-ны доктор, профессор П.Нямдаваа “Хоёр бүс нийлээд уг зөвлөгөөнийг уламжлал болгон хийгээд 13 жил болжээ. 13 дахь хурлаа анх удаа Монголд хийж байгаа нь чухал юмаа гэж харж байна. Манай оронд их сэрүүхэн байна. Халуун орноос ирсэн хүмүүс “Танай оронд томуугийн улирал нь эхэлчихсэн байна шүү” гэж ярьж байна.
Яг үнэндээ бол манайх дулаан орнуудтай харьцуулахад давуу талтай. Улирлын хувьд ч өөр шүү дээ. Гэхдээ томуугийн цартахал дэгдэхгүй байна гэсэн үндэслэл баталгаа байхгүй. Яагаад гэвэл хил хязгааргүй гардаг учраас. Энэ жил Монголд их хүйтэн жил болох учраас томуугийн тархалт нэг их гарахгүй байх гэсэн дам яриа байна. Хүйтэнд томуугийн вирус гарахгүй байна гэх үндэслэл байхгүй. Шинэ вирус хаана хэзээ гарахыг бид хэлж мэдэхгүй. Одоогоос 10 жилийн өмнө буюу 2009 онд дэлхийг хамарсан томуугийн өвчлөл гарч байсан. Тиймээс дэлхийн улс орнууд томуугийн эсрэг, томуугийн цартахлаас урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах, юуг хамтран хийж хэрэгжүүлэх талаараа ийнхүү зөвлөлддөг болсон. Миний хувьд энэ зөвлөгөөнөөс их ач холбогдол болон үр дүн харж байгаа. Тиймээс бусад улс орнуудтай харилцан ярилцаж туршлага солилцсон зөвлөмж гарах байх гэдэгт итгэж байна” хэмээв.
Уур амьсгалын өөрчлөлт, даяаршил, хотжил, хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн өнөө үед томуугийн халдвар хил хязгааргүй дамжин тархах болсон. Тухайлбал, 2009 онд өмнө нь хүнд оношлогдож байгаагүй томуугийн A(H1N1) хэв шинжийн шинэ вирусээр сэдээгдсэн халдвар анх бүртгэгдсэнээс хойш гурав хүрэхгүй сарын дотор цартахлын хэмжээнд хүрч дэлхийн 100 гаруй улс, орныг хамарсан байдаг. Иймээс томуу, томуугийн цартахлаас сэргийлэх арга хэмжээг ДЭМБ төдийгүй улс орнууд хамтран зохион байгуулж, ихээхэн анхаарал хандуулах болсны нэг илрэл нь энэхүү олон улсын арга хэмжээ юм.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл ( 1 )
МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН БАНК-ИЙН БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН ШААРДСАН БАНК (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com) Намайг Мария гэдэг. Би МОГОЛИЯ-аас ирсэн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авлаа. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухимдаж, интернетийн зээлийн компаниудад ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй тул найзаасаа мөнгө зээлэх гэж очсон гэж би хэллээ.