Био аюулгүй байдлын явуулын лабораторийн түлхүүр гардууллаа

2019 оны 09 сарын 04

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Цогбадрах нар 2019 оны 9 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж байгаа Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын албанаас зохион байгуулж байгаа түлхүүр гардуулах ёслолын арга хэмжээнд оролцлоо.

Уг арга хэмжээг нээж ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын албаны дарга хатагтай А.Ю.Попова үг хэлсэн ба тэрбээр хоёр улсын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хамтран хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанууд хүний эрүүл мэнд хийгээд бүс нутгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр Камаз маркийн автомашинд суурилсан, иж бүрэн тоноглогдсон био аюулгүй байдлын лабораторийн түлхүүрийг сертификатын хамтаар Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэнд гардуулан өглөө. Уг явуулын лаборатори нь байгалийн голомтот халдварт өвчний тархвар зүйн судалгаа хийхэд нэн чухал  шаардлагатай юм.   

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн уг лабораторийн автомашины түлхүүрийг гардан авч хэлсэн үгэндээ Монгол Улс болон ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа нэн ялангуяа эрүүл мэндийн салбар дахь найрсаг хамтын ажиллагаа олон жилийн баялаг түүхтэйг онцлоод дээрх явуулын лаборатори нь Монгол Улсын иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, хил орчмын бүс нутагт тандалт судалгаа явуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд хатагтай Д.Сарангэрэлээс хатагтай А.Ю.Попова-д илгээсэн мэндчилгээ болон Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг уламжлав.

 

Монгол Улсын Эрүүл мэндийн яам нь Оросын Холбооны Улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Холбооны хяналтын албатай Тарваган тахал өвчний тархвар судлалын чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээрийг 2018 оны 2 дугаар сард байгуулсан ба энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаа идэвхитэй өрнөж байна. Тухайлбал, дээрх байгууллагаас 2018 онд манай улсад 20 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, ГA3-33027 маркийн автомашинд суурилсан явуулын лабораторийг буцалтгүй тусламжийн нөхцөлөөр олгосон юм.
Мөн өдөр Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдах “Ази Номхон далайн бүс нутаг дахь биологийн аюулгүй байдал: Шинэ эрсдэл ба боломжууд” сэдэвт хуралдаанд үндсэн илтгэгчээр оролцож илтгэх тавих юм.

Эх сурвалж: ЭМЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top