Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тэргүүлэх чиглэл хэмээн хүлээн зөвшөөрч, 72 дугаар чуулганаар жил бүрийн 9-р сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” уриатай хэрэгжүүлэх “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” семинарын үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт зохион байгуулав.
Тус семинар нь эрүүл мэндийн байгууллагын удирдлага, чанарын ажилтнуудыг үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдлийн удирдлага, чанарын тусламж үйлчилгээний талаарх шинэ мэдээллээр хангах зорилготой юм. Семинарын сургагч багшаар Эрүүл мэндийн газрын статистикийн мэргэжилтэн П.Энхзул, төсөл хариуцсан мэргэжилтэн Н.Цэцэгнавч, нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга Б.Батчулуун нар ажиллаж, Нийгмийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн ортой эмнэлгүүд, сувилал, эмийн сан зэрэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 50 гаруй удирдлага, чанарын ажилтнууд оролцлоо.
Цаашид “Оточ Манал” хувийн хэвшлийн эмнэлэгт “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” өдөрлөг, “Гэрэлтэй” ӨЭМТ –д “Хүүхдийн тусламж үйлчилгээ” сэдэвт ижил мэргэжилтний үзлэг- үзүүлэх сургууль, аймгийн нэгдсэн эмнэлэгт “Ашиглалтын тойм үзлэг”, “Сувилахуйн Аудит” сэдэвт үзүүлэх сургууль, “Медстоб” ӨЭМТ –д “Эрсдлийн удирдлага” өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: ЭМЯ
Сэтгэгдэл ( 0 )