Өнөөдөр “Дэлхийн эм зүйчдийн өдөр”

2019 оны 09 сарын 25

Турк улсын Стамбул хотноо 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хуралдсан Дэлхийн эм зүйн холбооны хурлаас энэ өдрийг “Дэлхийн эм зүйчдийн өдөр” болгон зарлаж, албан ёсоор тэмдэглэж ирсэн бөгөөд Монгол улс 5 дах удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг Дэлхийн эм зүйн холбооны гишүүн 112 оронд жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг.
Өнөөдөр уг өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авъяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан хүчин зүтгэж байгаа эмчзүйчдийн төлөөлөл болон Монголын эм холбооны хамт олныг хүлээн авч уулзан баяр хүргэлээ.


Монгол улсын хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах, эм зүйн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх замаар монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах нь  эм зүйчдийн эрхэм зорилго юм.
1990-ээд оноос Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр хувийн хэвшлийн эмийн сан, эм хангамжийн байгууллагууд шинээр бий болж, эм хангамжийн төрийн өмчийн байгууллагууд хувьчлагдсан. Одоогийн байдлаар 35 үндэсний эмийн үйлдвэр, 376 эм ханган нийлүүлэх байгууллага, нийслэл, хөдөө орон нутагт 1 800 гаруй хувийн хэвшлийн эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 100 орчим эм зүйч эм зүйн салбарт ажиллаж байна.
Дэлхийн эм зүйчдийн өдрөөр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоотой хамтран эм зүйн чиглэлээр АУДэС-ийг төгссөн үе үеийн ахмад эм зүйчдийг хүлээн авч баяр хүргэн, тэдний мэдлэг оюун, ажил амьдралаа зориулж ирсэн эм зүйн тусламж үйлчилгээний талаарх арвин баялаг туршлагаас хуваалцдаг уламжлалтай. Энэ удаагийн арга хэмжээнд АУДэС-ийн 1969 оны төгсөгч-ахмад эм зүйчдийг урьж оролцууллаа.
Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, эм зүйн салбарыг хөгжүүлэх зорилгоор 2019-2021 онд ЭМЯ болон Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо хооронд хамтран ажиллах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх гэж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top