2019 ба  2020 оны Үндсэн чиглэлийг харьцуулан харъя

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 28

Ирэх 2020 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төсөл спикерийн ширээн дээр энэ долоо хоногт очсон билээ. Төрийн мөнгөний бодлого нь Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход чиглэсэн бодлогын зорилтуудыг тусгасан гэж Төв банкны ерөнхийлөгч мэдэгдсэн.


Тэгвэл энэ буюу 2019 онд бид ямар Үндсэн чиглэлийг барьж буйг эргэн сануулъя.

УИХ-аар энэ оны Үндсэн чиглэлийг батлахдаа “2019 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь бүхэлдээ санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох бодлогын алхмууд хийх гэж байгаагаараа онцлог юм. Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт тулгарсан олон хүнд сорилтын дийлэнхийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал, ойрын ирээдүйн төлөв сайжирч байна. Өнгөрсөн 2 жилд манай гадаад эрэлт өндөр, гадаад худалдааны үнэ харьцангуй таатай, уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэний зэрэгцээ эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын зохистой хослолыг хэрэгжүүлсний үр дүнд тодорхой бус байдлыг бууруулж, бизнесийн идэвхжлийг сэргээж чадлаа. Эдийн засгийн хүндрэл гүнзгийрсэн 2016 оноос хойш ихэнх салбар хуримтлагдсан дүнгээрээ өсөлттэй байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжин 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өсөөд байна. Энэхүү нааштай үр дүнг бэхжүүлж,  цаашид эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл бүхэлдээ чиглэж байна. Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг урт хугацааны тэнцвэрт түвшин болох 8 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг ирэх 2 жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулна. Гадаад эрэлт, түүхий эдийн үнийн хэлбэлзэл өндөр байгаа энэ үед эдийн засгийн идэвхжил, ажил эрхлэлтийг бүх салбарын түвшинд дэмжихийн зэрэгцээ инфляцийн хүлээлтийг тогтворжуулах нь чухал ач холбогдолтой. Инфляци 2018-2019 онд зорилтот түвшний орчимд хадгалагдах боломжтой гэж үзэж байна. Гадаад эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, улс орны эдийн засгийн дархлааг сайжруулах, гадаад секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, гадаад өрийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд гадаад валютын улсын нөөцийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх шаардлагатай. Иймээс Монголбанк гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг дангаар болон төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх байдлаар үндсэн чиглэлд тусгалаа. Мөнгөний бодлогын шийдвэрийн үр нөлөөг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, институцийг бэхжүүлэх шаардлагатай. Иймээс ирэх онд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг  нэвтрүүлэх, технологийн дэвшилд суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг тодорхойлох, харилцагчийн мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг хангахад чиглэсэн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр холбогдох эрх зүйн зохицуулалтыг бий болгож, санхүүгийн зах зээлд нэвтрүүлнэ. Банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, банк санхүүгийн салбарын зохицуулалтыг олон улсын стандартын шаардлага, зарчимд нийцүүлж, мөрдүүлэх, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийттэй харилцах харилцааг үр ашигтай болгох зэрэг санхүүгийн институцын хөгжилд чухал ач холбогдолтой зорилтуудыг хэрэгжүүлж ажиллахаар Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгалаа” гэж байсан билээ.

 УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад буй 2020 онд баримтлах Үндсэн чиглэлийн агуулгыг одоо хүргэе.

Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт өнгөрсөн жилүүдэд тулгарсан олон хүнд сорилтын дийлэнхийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал, ойрын ирээдүйн төлөв сайжирч байна. Тухайлбал, макро эдийн засгийн нөхцөл байдал 2017 оноос тогтворжиж, 2018, 2019 онуудад сэргэлт үргэлжиллээ. Энэ нь төсөв болон мөнгөний бодлогууд дээр хийгдсэн оновчтой тохиргоо, банкны салбарт хийсэн цогц реформ, гадаад эдийн засгийн орчны харьцангуй таатай байдал, олон улсын санхүүгийн байгууллагууд болон 2 талт хамтын ажиллагаат орнуудын дэмжлэг туслалцааны үр дүн байв.

Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг ирэх онд 8 хувийн орчимд тогтворжуулж, дунд хугацаанд 6 хувийн орчимд бууруулж, тогтворжуулах зорилтыг хангасан мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ. Эдийн засгийн гадаад орчин, дотоод идэвхжлийг харгалзан үзэхэд инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Жилийн инфляци 2019 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 8.9 хувьтай гарлаа. Инфляцийн хэлбэлзэл нь нийлүүлэлтийн шалтгаантай мах, хүнсний ногоо, хатуу түлшний үнийн өөрчлөлтөөр тайлбарлагдаж байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байна.

Сүүлийн 2 жил гаруй хугацаанд банк санхүүгийн системд хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд банк, санхүүгийн салбарын суурь багана болсон эрх зүйн актуудад эрх бүхий байгууллагатай хамтран нэмэлт өөрчлөлтүүдийг орууллаа. Технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ санхүүгийн зах зээлд олноор нэвтэрч, эрх зүйн орчинг нарийвчлан боловсронгуй болгох, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэ хүрээнд санхүүгийн салбарын дэд бүтцийг сайжруулах, валютын зохицуулалтыг боловсронгуй болгох, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэтгэлийг төрийн эрх бүхий байгууллагатай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Гадаад өрийн эргэн төлөлтийг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд гадаад валютын нөөцийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх нь дараагийн нэг тулгамдсан зорилт болж байна. Ялангуяа, ирэх онд эдийн засгийн өсөлтийн үе үргэлжлэхээр байгаа тул гадаад, дотоод секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, валютын ханшийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэхээр байна. Үүний зэрэгцээ гадаад өрийн тогтвортой байдал, дунд, урт хугацаанд эргэн төлөх болон дахин санхүүжүүлэх гадаад өрийг шийдвэрлэх чиглэлээр дотоод нөөц бололцоогоо дайчлахаас гадна олон улсын байгууллага, донор орнуудтай хамтран ажиллах хэрэгцээ шаардлага өндөр байна.

Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үзүүлэлтийг ахиулах арга хэмжээг үргэлжлүүлэн авч, холбогдох олон улсын байгууллагуудын шаардлагыг биелүүлэхэд эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдааг сайжруулах, өндөр дүнтэй мөнгө угаах гэмт хэрэгт онцгой анхаарал хандуулах  идэвхтэй хамтран ажиллах хэрэгцээ шаардлага хэвээр байна хэмээн тодотгоод байгаа юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
(202.179.24.148) 2019 оны 09 сарын 28

:(

0  |  0
Top