Бяцхан үрсдээ амьдрал бэлэглэх сахиусан тэнгэр нь та болоорой

2019 оны 10 сарын 08

Монгол Улсад 2018 онд 78,993 хүүхэд мэндэлснээс 5,451 хүүхэд буюу 6.9% нь дутуу төржээ.

Эрт мэндэлсэн нярайд эхийн хэвлийг орлох, төрсний дараах шаралтаас эхлээд олон нөхцөлд зайлшгүй хэрэгтэй төхөөрөмж бол инкубатор болон халуун тавцан юм. Гэтэл энэ төхөөрөмжүүд манай улсын зарим төрөх эмнэлгүүдэд хүрэлцээгүй байна. Тухайлбал нийслэлийн III төрөх буюу “Амгалан” амаржих газарт нийт 15 нярайн инкубатор шаардлагатай байдаг ч 2019 оны эхний байдлаар таван ширхэг аппараттай байсан ба ачаалал ихтэй үед дутуу төрсөн нярай үрс ээлжлэн хэрэглэдэг байжээ.

JCI Монгол байгууллагын залуус хорвоод цагаасаа өмнө ирсэн нярай үрсдээ зориулан инкубатор аппарат буюу “Дэлхийн хамгийн бяцхан зочид буудал” бэлэглэх зорилгоор “Save Angels” аянаа 4 дэх жилдээ үргэлжлүүлж нялхаст зориулсан инкубатор, бусад тоног төхөөрөмжийг худалдан авч нийслэлийн “Амгалан” амаржих газарт бэлэглэжээ.

Энэхүү төслийн хүрээнд дутуу төрсөн нярайн нэг өдөр инкубаторт байрлах зардал болох 9,999₮-ийг бяцхан үрсдээ зориулан хандивлах “Та бидэнтэй нэгдэж бяцхан үрсдээ амьдрал бэлэглэх сахиусан тэнгэр нь болоорой” гэх уриалга гаргаж хандивын аяныг өрнүүлсэн юм. 

Хандивын аян явагдсан гурван сарын хугацаанд Худалдаа хөгжлийн банк, АПУ ХК, Хатанбаатар ХХК, Баян өндөг ХХК, Таван нүдэн бренд, iHotel.mn, Нью Телеком, Observe Consulting,  ADT болон JCI Seoul зэрэг байгууллага, 164 хувь хүмүүс хандив өргөж нийт 100,000,000 төгрөгийн Амгалан амаржих газарт 5 ширхэг инкубатор аппарат болон бусад хэрэгцээтэй халуун тавцан, шарлагын фото аппарат, шар хэмжигч төхөөрөмж зэргийг бэлэглээд байна. 

Бяцхан үрсдээ амьдрал бэлэглэх аян цаашид ч үргэлжлэх юм байна.

“Save Angels” төсөл нь 2015 оноос эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын тасгийн өргөтгөлийг барьж, инкубатор болон бусад тоног төхөөрөмжүүдийг тус төвд бэлэглэжээ.

Төслийн үр дүнд дутуу төрсөн нярайн эндэгдэл 19.1 хувиас 5.6 хувь болон буурч, мэс заслын дараах сэргэлтийн хувь 72.2 хувиас 96 хувь болж нэмэгдэж олон хүүхдэд амьдрал бэлэглэсэн юм.

Бид бүхэн жил бүр хүүхдийн баяраар л хүүхдүүдийг “гэнэт санаж”, хэчнээн хайртай бөгөөд “хайрлах ёстой” байгааг ярьж бичдэг. Гэтэл хүүхдүүдэд маань бодит тус дэм л хэрэгтэй. Хэтэрхий эрт төрсөн тэдний маань ээж аав, эх дэлхийгээ харах гэж яарсны утга учир нь энэрлээр дүүрэн хорвоо, энхрийллээр дүүрэн ах эгч нар нь байх учиртай.

Та ihotel.mn/saveangels цахим хуудсаар дамжуулан бяцхан үрсдээ “Хамгийн бяцхан зочид буудал”-ыг захиалан өгөх боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top