Үр дүнтэй, ач холбогдолтой, шийдвэр шийдэл ихтэй "Эмч нарын VI их хурал" амжилттай өндөрлөв

2019 оны 10 сарын 28

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын эмч нарын VI их хурлыг “Эрүүл мэнд-Хөгжлийн тулгуур” уриатайгаар хоёр өдрийн турш Төрийн ордоны Их танхимд амжилттай зохион байгууллаа.
Тус хурлаар Эрүүл мэндийн салбарын тархи, зүрх болсон эмч нар хүн амын эрүүл мэндийг хамгаалах их үйлсдээ олсон амжилт бүтээл, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлээ ярилцаж, санал, бодлоо нээлттэй солилцлоо.
Улаанбаатар хотоос 350, хөдөө орон нутгаас 450 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнууд оролцсон бөгөөд хурлын үеэр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Төрийн бус байгууллага, ДЭМБ, Хүн амын сан, Хүүхдийн сан, АХБ-ны суурин төлөөлөгчид, Дэлхийн банк, Дэлхийн зөн болон бусад олон улсын байгуулагын зочид төлөөлөгчид оролцож эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар болон цаашид авч хэрэгжүүлэх ажлаа ярилцсан.
Гэхдээ 10 жилийн дараа болж байгаа энэхүү хурлын үр дүн ач холбогдол, оновчтой шийдэл, зөв шийдвэр их байлаа. Магадгүй тулгамдаж байгаа асуудал бүрийг том жижиг гэлтгүй шийдвэрлэж, бодлогын түвшинд авч хэлэлцэнэ гэдгийг салбарын сайд тодотгов.
Мөн хуралд оролцсон эмч нар тулгамдаж байгаа асуудал болон саналаа хэлж, холбогдох удирдлагуудаас хүссэн хариултаа авч чадсан байх.
Орон нутгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа  асуудал байна. Тухайлбал эмч нарын ярьж буйгаар “Хөдөө орон нутагт хүний нөөцийн асуудал. Мөн залуу эмч нарын тогтвор суурьшлын асуудал цөөнгүй хөндөгдөв. Учир нь орон нутагт цалин, нийгмийн хангаж тааруугаас болж залуу боловсон хүчнүүд ажиллахгүй, ганц хоёр жил болоод хот суурин бараадаж байна. Түүнчлэн залуу эмч нарын мэдлэг чадвар, мэргэшлийн ур чадвартай, ёсзүйтэй байх асуудлыг ч ярина.
Мөн алслагдсан аймаг, сумдад түргэн тусламжийн машины хүрэлцээ хүнд дутагдалтай байдаг” гэдгийг олон эмч онцолсон юм.
Харин нийслэлийн эмч нарын хүрээнд тулгамдаж байгаа асуудлын нэг бол Даатгалын сангийн систем болон сүүлийн үед ураг амьгүй болж, зулбаж байгаа асуудлыг нарийн тооцоо судалгаатай судлахыг холбогдох удирдлагууд шийдвэр гаргагчдад эмч нар уламжлав.

Гэхдээ саараас илүү сайн нь олон юм. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт гарсан ахиц дэвшил, өөрчлөлтийн талаар ч эмч нар ам сайтай байна. Тухайлбал, орон нутагт оношилгооны аппарат сайтай болсон. Монголд эмчлэх боломжгүй өвчнүүдээс эмчилдэг болов. Халдварт болон халдват бус өвчний үзлэг, оношилгоо эрт илрүүлгийг сайн хийдэг болсон. Тиймээс ч сүүлийн үед орон даяар “Тэмбүүг устгая”, “Сүрьеэг эрт илрүүлье” аяныг амжилттай хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон сайн хөтөлбөр үргэлжилж байгаа гэдгийг онцлов.

Мөн хурлын төгсгөлд Уриалга гаргасныг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр танилцуулж, салбарын сайд Д.Сарангэрэл хаалтын үгээ хэлж, хурлаа өндөрлөв.
Том, жижиг гэлтгүй тулгамдаж байгаа асуудал бүрийг шийдвэрлүүлэх болно
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эмч нарын VI  их хурлыг хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Эрүүл мэдийн салбарынхаа үйл ажиллагааны нэгдсэн мэдээллийг авах, төр засгаар шийдүүлэх асуудлуудыг шийдүүлэх хэмжээнд ярилцаж чадлаа гэж бодож байна. Их хурлаар эрүүл мэндийн салбарын төдийгөөс өдий хүртэлх ололт амжилтыг ярилцлаа. Үе үеийн сайд нарын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.
Ерөнхий сайдад чин сэтгэлээсээ талархлаа. Монгол Улсын Засгийн газрын нөөцөөс хөрөнгө гаргаж энэхүү та бидний уулзах, ярилцах боломжийг бүрдүүллээ. Бид зорилгодоо бүрэн хүрлээ. Та бүхнийхээ дуу хоолойг сонслоо.
Эрүүл мэндийн салбарын гол үйл ажиллагааны халуун цэг дээр та нар минь бий. Алслагдсан суманд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж чадаж байгаад тань тусгайлан баяр хүргэе.Та нараараа бахархаж байна.
Та бүхнийхээ хэлж ярьж санал хариултыг жижиг том гэлгүй тавьсан асуудал бүрийг чинь шийдвэрлүүлэх болно. Цалин мөнгө нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэй бодлогын түвшинд сайн ажиллах ёстой. Өсөн нэмэгдэж байгаа Эрүүл мэндийн даатгалын сангийн хуримтлалын мөнгийг ашиглах ёстой. Энэ мөнгө ард түмний тусламж үйлчилгээнд зарцуулах төлөвлөгөөг Баясгалан дарга гаргасан. Өнөөдөр эрүүл мэндийн үйл ажиллагааг зах зээлд шилжүүлэх цаг нь болсон. Тогтолцооны өөрчлөлтийг хийж байж бид нарын тулгамдаж байгаа нийгмийн асуудал дээрдэж шийдэгдэнэ. Бид хийсэн бүтээсэн зүйлээ өөрсдөө үнэлж, Даатгалын сангаас гаргана. Боломж бидний гарт байгаа шүү. Хууль эрхзүйн орчноо ч бүрдүүлнэ. Эрүүл мэндийн аюулгүй байдлын асуудал ч хөндөгдлөө. Үүнийг анхаарна.
Хурлын үеэр гарсан хэлсэн санаа оноо бүхнийг бодлогын үйл ажиллагаанд тусгана. Бичгээр санал өгсөн эмч нарын хариуг өгөөрөй гэсэн үүргийг газар хэлтсийн дарга нартаа өглөө.
Эмч нартайгаа нэг сэтгэл нэгдмэл санаатай байж зангидсан гар шиг хамтарч ажиллана гэдэгт итгэж байна. Та бүхэн минь Монгол хүн ардынхаа тулгуур юм шүү” гэлээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Хүний гавьяат эмч, академич, Анагаах ухааны доктор профессор Н.Баасанжав “Эрүүл мэндээ хөгжүүлэх үйлсэд ухаанаа уралдуудах боломжийг бидэнд олгосон Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд хоёртоо баярлалаа. Гэрээр бодох юм бол энэ 800 гаруй эмч тулгуур нь юм шүү. Сайдын тавьсан зорилтоос Зүрх судасны төв, Хавдрын эмнэлэг барих эмнэлгийн санхжүүжилтийг шийдэж өгнө гэдэг нь сайхан санагдлаа” гэв.
Дашрамд дуулгахад, Монголд бүртгэлтэй байгаа 11 мянган эмчийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.
Мөн энэ хурлын төлөөлөгчдөөс хамгийн ахмад нь 85 настай, Хүний гавьяат эмч Алтангэрэл, хамгийн залуу нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч 23 настай Б.Сосорбарам байлаа.
Харин 9000 гаруй хүүхдийг эсэн мэнд эх барьж авсан хүйн ээж Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн эх баригч Жавзандулам, 68 мянган хүнд сувилахуйн тусламж үзүүлсэн улсын ууган эмнэлгийн урлогийн тасгийн сувилагч Алтантуяа, түргэн тусламжийн 500 гаруй жолоочоо төлөөлж 35 жил жолооч хийж байгаа Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн жолооч Батмөнх нар оролцсон юм.


 
Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top