Сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна

2019 оны 11 сарын 12

Сүрьеэ өвчний эмчилгээ, оношилгоог хүн амд хүртээмжтэй, чанартай хүргэхэд хүний нөөцийн хүрэлцээ, чадавх чухал үүрэгтэй байдаг. Монгол Улсын хэмжээнд 500 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр эмч, мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яамнаас тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас сүрьеэгийн эмч мэргэжилтний нийгмийн асуудлыг шийдвэрлэн, цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн. Мөн сүрьеэ, БЗДХ-ын мэргэжлийн эмч нарыг ажиллуулах, тэднийг байрны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллаж эхэлж байна.

Сүрьеэгийн эмч нарыг бэлтгэх, чадавхжуулахад анхаарч, сүрьеэгийн эмчийн мэргэжил олгох 2 жилийн сургалтыг 9 сар болгон, уг эрчимжүүлсэн сургалтад 2018-2019 онд нийт 36 эмчийг бэлтгэж байна. Энэ сургалтын төлбөрийг “Глобал” сангийн сүрьеэгийн төслөөр санхүүжүүлсэн. Түүнчлэн сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр гадаадын сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ 2019 онд сүрьеэгийн 30 эмчийг БНХАУ-д сургасан байгаа юм.

Ингээд  ЭМЯ-ны НЭМГ-ын мэргэжилтэн С.Амарзаяа “Сүрьеэгийн эмч нарын тогтвор суурьшил, чанарын асуудал эмч нарын чадавхтай шууд холбоотой байдаг. Тийм учраас бид урт болон богино хугацааны сургалтад эмч нарыг хамруулснаар чадавхи сайжирна. Ингэснээр сүрьеэгийн чиглэлээр үзүүлэх тусламж үйлчилгээний чанар ч сайжрах тул цаашид энэ тал дээр анхаарч ажиллана.
Сүрьеэгийн эмч нарыг мэргэшил дээшлүүлэх сургалт нь гадны өндөр хөгжилтэй оронд очиж тэндээс суралцах, манайх юун дээрээ алддаг вэ, гадны орны давуу тал юу байдаг вэ гэдгийг олж харах сургалт байдаг. Сүрьеэгийн 500 гаруй эмч ажиллаж байна. Гэвч орон нутагт энэ чиглэлээр хүний нөөц дутагдалтай байдаг. Сүрьеэгийн мэргэжил олгох курс урт хугацаанд сурдаг байсныг богино хугацаанд сургаж эхэлсэн. Нийт 36 хүнийг мэргэшил дээшлүүлэх сургалтыг өнгөрсөн хугацаанд “Глобал” сангийн дэмжлэгтэйгээр хийж байгаа. Өөрөөр хэлбэл энэ сангийн тэтгэлэгтэйгээр сурч байгаа гэсэн үг юм” гэв.

СБД-ийн ЭМТ-ийн Сүрьеэгийн зохицуулагч Б.Ганпүрэв “Сүрьеэгийн сургалтыг үе шаттайгаар жил бүр зохион байгуулдаг. БНХАУ-д болсон 21 хоногийн сүрьеэгийн сургалтад хамрагдаад ирлээ. Энэ хугацаанд ОУ-ын сүрьеэгийн форум гэж зохион байгуулагдсан. Энэ форумаас сүрьеэгийн талаар илүү их мэдээлэл авсан.
Тус хотын оношилгоо нь Монголтай адилхан ч зарим нэг талаараа илүү харагдсан шүү. Сургалтаас олж авсан зүйл гэвэл шинэ, шинэлэг оношилгоо эмчилгээг харж, эх орондоо хэрэгжүүлж болох оношилгооны аргуудыг мэдэж авлаа. Хятадад ДОХ-ын өвчлөл их байдаг учраас ДОХ-той хүнд сүрьеэг илрүүлэх хялбар аргыг хэрэглэдэг юм билээ. Манайд бол харьцангуй бага байдаг юм билээ” гэлээ.

БГД-ийн ЭМТ-ийн Сүрьеэгийн эмч Г.Батнасан “Глобал сангийн дэмжлэгтэй 9 сарын эрчимжүүлсэн сургалт маш үр дүнтэй болж өнгөрсөн. Өмнө нь хоёр жилийн хугацаанд болдог байсан бол одоо “Глобал” сангийн дэмжлэгтэй 9 сарын хугацаанд боллоо. Сүрьеэгийн нарийн мэргэжил эзэмших сургалт гэхээр бүх зүйлийг мэдэж авсан. Оношилгоо эмчилгээний хувьд манай улс Хятадаас нэг шат илүү явж байна уу даа гэж харсан” гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top