Шинжааны салан тусгаарлагчид өршөөлгүй хандах үүрэг өгсөн үү?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

БНХАУ-ын Засгийн газрын их хэмжээний баримт бичиг алдагдаж, тус улсын дарга Ши Жиньпин албан тушаалтнуудад салан тусгаарлах, хэт даврах үзэлтнүүдэд “ямар ч өршөөлгүй” хандах үүрэг болгосон нь тодорхой болж, Хятадын Шинжаан муж дахь исламын шашинтнуудыг дарах зорилгоор явуулж буй арга хэмжээ ил болсон тухай “The New York Times” сонин бичжээ.

Хүний эрхийг хамгаалагч байгууллага, гаднын шинжээчид нэг сая гаруй уйгур болон исламын шашинтан тус улсын баруун муж дахь хорих газруудад хоригдож буй тухай ярьдаг.

Тус сонины олж авсан 403 хуудас баримт бичигт олон улс, ялангуяа АНУ-ын зүгээс шүүмжилдэг Хятадын Коммунист намын цөөнхийн эсрэг бодлогын талаарх урьд өмнө гарч байгаагүй мэдээлэл багтжээ. Үүнд олон нийтэд ил болж байгаагүй уйгур үндэстний талаар Ши Жинпиний хэлсэн үг, өгч байсан чиглэл болон хяналт, шалгалтын талаарх илтгэлүүд оржээ. Баримт бичгээс үзвэл, уйгур үндэстнийг дарах талаар намын дотор санал зөрөлдөөн байжээ. Баримт бичгийг задалсан Хятадын Коммунист намын нэгэн гишүүн Ши тэргүүтэй удирдлага хүмүүсийг олноор нь хорьсны төлөө гэмгүй үлдэхээс сэргийлнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.  

“The New York Times” сонинд бичсэнээр, 2014 онд Хятадын баруун өмнөд бүс нутгийн галт тэрэгний буудалд зэвсэглэсэн уйгурууд 31 хүн хөнөөсний дараа Ши Жинпинь терроризм, салан тусгаарлах үзлийн эсрэг шийдэмгий тэмцэх үүрэг өгч байжээ. Түүнчлэн, Шинжаан дахь алга болсон эсвэл хоригдож буй гэр бүлийн гишүүдээ олохоор эргэн ирсэн оюутнуудын асуултад хариулт өгөх зөвлөмж хүртэл энэхүү баримт бичигт багтжээ. Албан тушаалтнуудад салан тусгаарлах үзлийн “нянгаар” халдварласан гэр бүлийн гишүүдийг нь “ноцтой өвчин” болохоос нь өмнө эмчлэх шаардлагатай болсон гэж хариулах зөвлөмж өгч байжээ.

Хятадын гадаад хэргийн яам болон Шинжааны Засгийн газар энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй гэж Франс Пресс агентлаг мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top