Долоон хүний амь аварсан хоёр эмчийг ЭМЯ-ны жуухаар шагналаа

2019 оны 12 сарын 04

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04.30 цагийн үед Баянзүрх дүүргийн арванхоёрдугаар хороонд “Хүн угаартсан байна” гэх дуудлагын дагуу эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нар дуудлагаар очжээ.
Улмаар байшингийн гал хажуу гэр лүү дамжиж, угаартсан иргэд галын аюулд өртсөн байсан аж. Ингээд мэргэжлийн ур чадвар гарган хурдан шуурхай ажиллаж, 2-13 насны таван хүүхэд, хоёр иргэнийг цаг алдалгүй гаргаж, эрдэнэт хүний амь насыг аварсан бахдам гавьяа байгуулжээ. Тэд угаартсан хүмүүсийг аварч түргэн тусламжийн машиндаа оруулах үед гэр шатаж нурсан аж. Тэгвэл өчигдөр Нийслэлийн эрүүл мэндийн газраас албан үүргээ биелүүлж явахдаа эрдэнэт хүний амь насыг аварсан хоёр албан хаагчдад “Хүний төлөө” медалийг гардуулж, нэг сарын цалинтай дүйцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон билээ. Харин өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл салбарынхаа хоёр ажилтныг хүлээн авч уулзан, Эрүүл мэндийн яамны жуухаар шагнаж, урамшууллаа.

Түргэн тусламжийн Их эмч Э.Одгэрэл болсон явдлын талаар ярихдаа “Өнгөрөгч сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө албан үүргээ гүйцэтгээд явж байсан. Дуудлагын дагуу очиход 50 гаруй насны иргэн хашааны гадаа тосч аваад “Байшин шатаж байна, бидэнд туслаач, гал дуудаж өгөөч” гэсэн. Бид маш шуурхай 101 рүү тусламж дуудаад, угаартсан хүмүүс хаана байгааг асуулаа. "Угаартсан иргэд урд талын гэрт байгаа" гэсэн. 
 Улмаар байшингийн гал гэрийн дээд талын даавуу руу орж эхэлсэн учраас гэр лүү хурдан гүйж орсон. Гэрийн голын орон дээр таван хүүхэд, 20, 50 орчим насны хоёр эмэгтэй байлаа. Би гэр шатаж эхэлснийг дуулгаад хүүхдүүдийг ороож машинд оруулсан. Мөн 50 гаруй насны эмэгтэйг аваад гарсан. 28 орчим насны эмэгтэй өөрөө хүрэм нөмрөөд бидэнтэй хамт гарсан. Ер нь бол бүгд л өмссөн хувцастайгаа л гарч амжсан даа. Ингээд хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д хүргэж, 56 настай эмэгтэйг Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэж өгсөн” хэмээн ярив.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүний төлөө хэмээн тангараг өргөсөн хоёр ажилтнаараа бахархаж байна хэмээгээд “Та бүхний буян заяа дэлгэрэг. Долоогийн долоон хүний алтан амь аварна гэдэг буянтай үйл хэрэг. Тиймээс миний зүгээс тусалж болох бүх зүйлээр туслахад бэлэн. Та бүхэн ч гэсэн нэгэн халуун ам бүлийг гэртэй болгох хандивын аянаа зохион байгуулаарай” хэмээлээ.  Их эмч Э.Одгэрэл нь 2012 онд “Ач” анагаах ухааны их сургууль төгссөн бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сараас эхлэн Нийслэлийн Түргэн тусламжийн төвд их эмчээр ажиллаж байгаа аж. Харин жолооч Т.Гүнтэвсүрэн нь тус төвд 2003 оноос хойш ажиллаж буй бөгөөд эрүүл мэндийн салбарт тасралтгүй 23 жил ажиллажээ.

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top