Баруун аймгуудын ундны усны чанарыг сайжруулж байна

2019 оны 12 сарын 11

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сангаас БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-ийн дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж буй. "Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалд тэсвэртэй Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ" төслийн Зөвлөх хорооны хурал болж өнгөрлөө. Хурлаар төсөл эхэлснээс хойш хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа, амжилт, сургамжийн талаар хэлэлцэж, 2020 оны ажлын төлөвлөгөөний төслийг танилцуулав.
 

Эрүүл мэндийн дэд сайд, Төслийн зөвлөх хорооны дарга Л. Бямбасүрэн хурлыг нээж хэлсэн үгэндээ, шинээр загвар, дизайныг нь боловсруулан барьж байгуулж байгаа ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн бүх байгууламжууд нь 2 нөхцөлийг хангасан байхыг энэ төслийн хүрээнд онцгойлон анхаарч байгаа. Үүнд: Шинэлэг загвар, дизайны шийдэлтэй байх-жишээ нь, Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, усны хэмнэлттэй г.м. мөн Бүх загвар, дизайн нь уур амьсгалын аливаа болзошгүй өөрчлөлтөд / тэсвэртэй байх-жишээ нь: үер, салхи шуурга, хүйтрэлт г.м. байгалийн эрсдэлт үзэгдэлд тэсвэртэй байх.

Тиймээс, тус төсөл сайн хэрэгжсэнээр, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймаг шууд үр дүнг нь хүртэхийн дээр тэргүүн туршлагыг нь бусад аймагт түгээн дэлгэрүүлэхийг Монгол улсын Засгийн газар, ялангуяа ЭМЯ, БСШУСЯ онцгойлон анхаарч байгааг хуралд оролцогчдод мэдээллээ.

Төслийн хүрээнд үр дүнтэй хэрэгжсэн нэг ажил бол алслагдсан сумдын сургуулийн дотуур байранд халуун усны байгууламж барьж, дотуур байрны сурагчдыг ариун цэвэр, эрүүл ахуйг сахих боломжоор хангаж өгсөн явдал юм. Энэ нь өвлийн улиралд хүүхдүүдийн дунд түгээмэл байдаг ханиад томуу болон томуу төст өвчний тохиолдлыг багасгах ач холбогдолтой.    

Мөн иргэдийг аюулгүй ундны усаар хангах зорилготой суурин газрын Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах үе шаттай ажлууд сумдад хийгдэж байна.
Төслийн зөвлөх хорооны хурлаар ирэх онд сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинэлэг технологи, нэмэлт инновац нэвтрүүлэн улам боловсронгуй болгох, аймаг, сум хоорондын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг удирдамж болгосон байна.

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top