Эрүүл мэндийн яам, Улсын гуравдугаар төв эмнэлэг “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх арга хэмжээ” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион өчигдөр /2019.12.18/ зохион байгууллаа.
Манай улсад гүйлсэн булчирхайн архаг үрэвсэлтэй хүмүүсийн дөрөвний нэг нь хэрхийн шалтгаант зүрхний өвчтэй байдаг аж. Тэднийн 9 хувь нь 10-19 насны хүүхэд, өсвөр насны залуучууд байна. 2017 онд Улаанбаатар хотын зарим сургуульд хийсэн урьдчилан сэргийлэх үзлэгээр 10 хүүхэд тутмын нэг нь өвчлөх эрсдэлтэй гарчээ.
Хэрхийн шалтгаант зүрхний өвчин (ХШЗӨ) нь А бүлгийн цус задлагч бетта стрептококкоор үүсгэгддэг гүйлсэн булчирхайн үрэвслийн хүндрэл бөгөөд эцэст нь зүрхний гажгийн улмаас мэс заслаар эмчлэгдэхэд хүргэдэг байна. ХШЗӨ-өөр буурай хөгжилтэй болон хөгжиж байгаа орны хүүхдүүд өвчлөх нь элбэг байдаг аж.
Иймд сургууль эцэг эх, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагаанд түшиглэн ХШЗӨ-ний эрсдэлтэй хүүхдүүдийг эрт илрүүлж, хяналтад авч эмчлэн эрүүлжүүлэх, уг өвчнөөс сэргийлэх, эрүүл аж төрөх талаар сурагчид, эцэг эхчүүд, сургуулийн хамт олонд мэдлэг олгож, дадал, чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг өргөжүүлэх нь чухал байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )