750 тэрбумыг хийсгэсэн ажлыг нэг жилд 75 тэрбум төгрөгөөр хийжээ

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тэргүүтэй холбогдох албаныхан Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах асуудлаар гурван хурал, хоёр ч хэлэлцүүлэг хийн, нийслэлийн бохирдол ихтэй цэгүүдэд газар дээр нь дөрвөн удаа ажилласан байдаг. Одоогоор нийслэлээс ирүүлсэн албан мэдээллээр түүхий нүүрсний хэрэглээг сайжруулсан түлшинд шилжүүлж агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулах зорилт тавьснаас 55 хувиар буурсан гэв.

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн “Дөлгөөн нуур-3” дундын баазад нөхцөл байдалтай танилцахад, сайжруулсан түлшний хомсдол үүсээгүй, савлалт, түгээлт хэвийн байгааг иргэд болон холбогдох албан тушаалтнууд хэлж байлаа. Хоёр цаг тутам дүүргүүдийн дундын баазуудаас түгээлтийн цэгүүд рүү ачилт  хийдэг бөгөөд иргэд сайжруулсан түлш дууссан цэгт очоод түлш байхгүй үе таарвал тасарчихаж гэж ойлгодог. Хоёр цаг тутам ачилт хийж байгаа учир хэсэг хугацааны дараа тухайн цэгт түлш хүргэгдсэн байх болно гэдгийг хариуцсан албан тушаалтнууд тайлбарласан. Энэ үеэр сайжруулсан түлш савлан худалдаанд гаргадаг гялгар шуудайг хог болгож үлдээх үү, буцааж авч ашиглах уу гэдэг асуудал тулгамдаж байгааг Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар хөндсөн. Уг шуудай дахин хэрэглээний шаардлага хангахгүй. Тиймээс  буцааж авах боломжгүй. Харин боловсруулалтад оруулж, өөр байдлаар ашиглах үндэсний төсөл хэрэгжүүлэх үү, эсвэл ирэх жилээс нүүрстэйгээ хамт түлэхэд хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй савлагаатай болгох асуудал яригдаж байгаа аж.  Гэр хорооллын өөр нэг тулгамдсан асуудлуудын бол хаягдал үнс. Иргэд үнсээ замбараагүй асгаснаас болж хаа хамаагүй хийсэж, агаар бохирдуулдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг даргын тамгын газраас сайжруулсан түлшний үнсийг анх удаа ялган, барилгын материал, замын хавтан зэрэг олон төрлийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд сайжруулсан түлшний таван шуудай үнс тушаасан иргэнд нэг уут сайжруулсан түлш үнэгүй олгохоор шийдвэрлэсэн байна. Айлуудын сайжруулсан түлшний үнсийг хотоос захиргаанаас хогны машинаар цуглуулахаар төлөвлөж байгаа бөгөөд зарим хороодод туршилт хийжээ. Мөн хийн халаалтыг иргэдэд танилцуулах сургалт явагдаж байгаа  Чингэлтэй дүүргийн мэдээлэл, инновацийн төвийн үйл ажиллагаатай танилцсан. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хувийн хэвшлээс хийж байгаа ажлуудын нэг нь энэхүү “Хийн шийдэл”  төсөл юм.  Дараа нь гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч суурилуулах ажлын явц, үр дүнг хянах зорилгоор дараа нь Чингэлтэй дүүргийн XII хорооны айл өрхүүдээр орсон. Иргэд сайжруулсан түлшээ түлэх дуртай болсон, түүхий нүүрснээс илч сайтай, тортог бага гардаг, картаараа долоо хоногт арван шуудай түлш авах эрхтэй зэргээр агаарын бохирдлыг бууруулах эрчимтэй хэрэгжиж байгаад талархаж буйгаа хэлж байлаа.  Зарим өрх 10 шуудай түлшнийхээ 7-8 шуудайг  нь түлээд, илүү гарсныгаа нөөцөлдөг тухай хэлэх иргэн ч байсан юм. Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг энэ долоо хоногоос айл өрхүүдэд суурилуулж эхэлсэн бөгөөд энэ сардаа багтаж дуусгах төлөвлөгөө гарсан. Хэрэглээний стандарт манай улсад нэвтрээгүйн улмаас өнгөрсөн хугацаанд стандартаа батлуулсан. Одоо суурилуулж эхэлж байна гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр хэлэв.  Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын дэд бүтцэд холбогдоогүй хэсэгт байрладаг 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьсан. Тэдгээрийн нэг болох Чингэлтэй дүүргийн XV хороонд үйл ажиллагаа явуулдаг “Түвшин Ундраа” компанийн  уурын зуухны галч “Гал дөнгөж ноцож асч байхад бага зэрэг утаа гардаг, ассанаасаа хойш огт утаа мэдрэгдэггүй” гэлээ.  Хэдхэн хоногийн өмнө ирэх өвлөөс дээрх нам даралтын уурын зуухтай аж ахуйн нэгжүүдэд түүхий нүүрс түлэх зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг хотын дарга гаргасан. Хийн болон цахилгаан халаалтад шилжих, эсвэл сайжруулсан шахмал түлшээ хэрэглэх болно гэдгийг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

Төгсгөлд нь Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн утааны шүүлтүүртэй автобусны ажиллагаатай танилцахад, ашиглалтын шаардлага хангахгүй болсон автобусанд шүүлтүүр суурилуулж үр дүнгүй зардал болж байгаа тухай мэргэжлийн хүмүүс хэлж байсан юм. Тиймээс автобус нэгтгэлийнхэн зорчигч тээврийн арван эко цахилгаан автобусыг хотын төвийн чиглэлүүдэд үйлчилгээнд гаргаж туршихад бэлэн болсноо дуулгалаа.

 Ийнхүү ажилласныхаа дараа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгаас судалж, хэрэгжүүлэн хийж байгаа ажил бүхэн зохих хэмжээгээр үр дүнгээ өгч байгааг дурьдаад, цаашид сайн технологиудыг олж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Үр дүнд нь ирэх жилүүдэд зөвхөн Улаанбаатар гэлтгүй төвлөрөл ихээр үүссэн аймаг, нийслэлийн алслагдсан  дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлнэ. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2017 оны 01 дүгээр тогтоолоороо утааг бууруулахаар Засгийн газарт чиглэл болгосон олон чухал асуудлууд шийдэгдэж, ажил хэрэг болсон байна хэмээн тэмдэглэв.  Тухайлбал,  сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдийн дотоод агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол дүүргийн Баянхошуу, Дэнжийн 1000 гэсэн дөрвөн цэгийн сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр хангасан байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, дээрх бүсэд гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар хөнгөлсөн.  Чингэлтэй дүүргийн VII-XI хороодод “Шинэ хороо” болон “Дэд бүтцийн төв төсөл” амжилттай хэрэгжүүлсэн. Шинэ хороо төсөл нь дулаан алдагдлаас сэргийлж байшинг дулаалж янданг буулган цахилгаанаар халаадаг болгосноор айл өрхүүд маань нүүрсний хэрэглээнээс үндсэндээ татгалзаж эхэлсэн байна. Гэр хороололд эрүүл, аюулгүй эко орчин бүрдүүлэх инженерийн дэд бүтцийг айл бүрт хүртээх шийдлийн эхлэлийг тавьж “Сервис центр” төв байгуулах төслийг Чингэлтэй дүүргийн VII хороонд амжилттай хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд  285 айл өрхийг дулаан, цэвэр ус, цахилгаан, бохир, холбоо дохиолол гэсэн инженерийн үндсэн таван шугам сүлжээнд холбогдсон. Энэ төслийн хүрээнд Нийслэлд анх удаагаа гэр хороололд 530 метр куб усыг цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж бүрэн ашиглалтад орсон зэргийг дурдаж болно.

Өргөдлийн байнгын хороонд иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу  “Цэвэр агаар сан” болон 2008-2018 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийгдэж байгаа гүйцэтгэлийн аудитын тайланг ирүүлэхийг чиглэл болгосон байдаг. Дээрх чиглэлийн дагуу 2018 оны 10 дугаар сард Үндэсний аудитын газраас ирүүлсэн “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг тус байнгын хорооны хуралдаанаар сонсоход аудитын тайланд 750 тэрбум төгрөг зарцуулсан боловч үр дүн гараагүй, утааны асуудал шийдэгдээгүй байжээ.  Энэ талаар Өргөдлийн байнгын хорооны дарга  М.Оюунчимэг  2012-2106 онуудад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажилд 750 тэрбум төгрөг зарцуулаад үр дүнд хүрээгүй. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд 75 тэрбум төгрөгөөр хийсэн ажлын үр дүнгээс утаанаас салах бүрэн боломж байгааг харж байна хэмээлээ.

Д.МЯГМАР

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэддорж(182.160.34.28) 2020 оны 02 сарын 07

2012-16 онд АН 750 байтугай их мөнгө цуцлаад өршөөлийн хууль санаачлан мултарсан гэдгийг иргэд ярьсаар байгаа Иргэдийн нэхэл хатуу Хувьсгалын шугамаар шийдэж чадахгүй бол хувийн журмаар цэгцэлнэ.гэх хүмүүс олон болсон байна шүү

0  |  0
xaxa(150.129.140.86) 2020 оны 01 сарын 20

2012-2106 онд гэнээ. хэзээ амьдраад байгаагаа мэдэхээ байлаа ккк

0  |  0
(202.179.24.43) 2020 оны 01 сарын 20

TEGEED TER UMNUH 675 TERBUMAA OLJ IREECH ODOO..

0  |  0
Top