Дэлхийн 2000 гаруй хот автомашинаас татгалзав

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

Жил бүрийн есдүгээр сарын 22-нд дэлхийн олон улс оронд Дэлхийн автомашингүй өдрийг тэмдэглэдэг.

Эл арга хэмжээний гол зорилго автомашины хэтэрсэн хэрэглээний байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулж буй хор хохирлын талаар олон нийтэд сануулах, тээврийн энэ хэрэгслийг орлох боломжтой хувилбаруудыг танилцуулахад оршдог.

Автомашингүй өдрийг анх Швейцар улс 1973 онд зохион байгуулж байжээ. Тухайн үед Швейцарын эрх баригчид түлшний хямралтай холбогдуулан ард иргэдээ дөрвөн өдрийн турш автомашинаас татгалзахыг уриалж байсан аж. Түүнээс хойш Европын улс орнууд ийм төрлийн арга хэмжээ зохиох болсон бөгөөд 1997 онд Их Британи анх удаа үндэсний хэмжээнд автомашингүй өдрийг тэмдэглэсэн түүхтэй. 1998 онд энэ санаачилгад Франц улс нэгдэж байв.

Бүх Европ даяар Автомашингүй өдрийг 1999 онд “Миний машингүй хот” кампанит ажлын хүрээнд зохион байгуулж, үүнийг “Европын хөдөлгөөний долоо хоног” арга хэмжээ хэлбэрээр үргэлжлүүлж байжээ.

Өнөөдөр дэлхийн 46 орны хоёр мянга гаруй хотын нийт 100 сая гаруй оршин суугч автомашинаа гэртээ орхиж, энэхүү санаачилгад оролцож байна.

Энэ өдөр дэлхийн томоохон хотуудад төрөл бүрийн дугуйчдын цуглааныг зохион байгуулдаг уламжлалтай. Сан Франциско хотоос эхлэлтэй энэ уламжлал өдгөө өргөжиж, Лондон, Сидней, Будапешт зэрэг хотууд хамгийн олон тооны дугуйчид оролцсон арга хэмжээгээрээ алдаршаад байна. Энэхүү арга хэмжээ “Бид хөдөлгөөнд саад учруулдаггүй. Учир нь бид өөрсдөө хөдөлгөөн” гэсэн нэгдсэн нэг уриан дор болдог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top