Хөл хорионы үеэр 221 тохиолдлыг тогтоож, 36 ШИНЭ ГОЛОМТ илрүүлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өчигдөр (2021.03.04) хуралдлаа.

Хуралдаанд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний арга тактик, цар тахлын голомтыг хумих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,  Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан танилцуулав.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоолоор Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021.02.11-2021.02.23-ны өдрийг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, шат шатны арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд нийслэл хот маань ажил, амьдралын хэвийн горимд шилжээд байгаа юм.

Олон нийтэд долоо хоногийн өмнө зарлаж байгаад хоёрдугаар сарын 11-ний өдрөөс гамшгийн үеийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 12 хоногийн хөл хорио тогтоож, энэ хугацаанд “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулсан.

12 хоногийн хугацаанд 411 мянган өрхийн нэг иргэнээс ковидын халдварын сорьцийн шинжилгээ авахаар төлөвлөсөн бол энэ хугацаанд явуулын болон суурин цэгээр дамжуулан нийт 558 мянган иргэнээс шинжилгээ авчээ. Үүний үр дүнд 221 халдварын тохиолдлыг тогтоож, 36 шинэ голомтыг олж илрүүлж, тэдгээрийн ойрын хавьтлын 300 гаруй хүнийг тусгаарласан байна.

Төрийн үйлчилгээний цахим сан болох www.e-mongolia.mn-д цар тахлын талаарх тухай цэс нээсэн тул холбогдох бүх мэдээллийг нэг дороос авч болно гэдгийг энэ үеэр С.Амарсайхан сайд онцолсон юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top