НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ДАРХЛААЖУУЛНА
“Ковид-19” цар тахлын эсрэг дархлаажуулалтын талаар өчигдөр /2021.03.05/ Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Засгийн газар, Улсын онцгой комисс дархлаажуулалтыг хоёр шаттай хийхээр төлөвлөөд байна. Эхний ээлжинд буюу 3-5 дугаар сард халдварын голомтууд идэвхтэй байгаа Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэнийг дархлаажуулна. Үүнд томоохон зах, худалдаа, үйлчилгээний газруудад ажиллаж байгаа 40 мянган хүн, боловсролын бүх шатны байгууллагын 45 мянга гаруй багш, ажилчин юуны өмнө хамрагдах юм. Нийтийн тээврийн салбарын 1000 орчим автобусны жолооч, албан ёсны зөвшөөрөлтэй 400 гаруй таксины жолоочийг мөн хамруулна. Үүний дараа 5-7 дугаар сард ногоон бүс болох орон нутгийн иргэдээ хамруулах болжээ.
Өнөөдрийн байдлаар эмч, сувилагч, цагдаа, онцгой, хил, гааль зэрэг салбарын 15 мянга гаруй ажилтан, алба хаагчийг дархлаажуулаад байна. Хамрагдсан иргэдийн 40 орчимд хувьд бусад вакцин тариулахад илэрдэгтэй адил энгийн нөлөөлөл илэрсэн нь дэлхийн улс орнуудад гарч байгаатай адил хүлээн зөвшөөрөгдөх хувь, хэмжээ гэсэн үг юм. Өөр ноцтой сөрөг урвал гараагүй учир ирэх долоо хоногоос дархлаажуулалтын аяныг эрчимжүүлнэ.
Төр иргэдээ үнэ төлбөргүй, үе шаттай дархлаажуулахын зэрэгцээ хувийн хэвшлийнхэн вакцин татаж авч иргэдийг хамруулах боломж олгоно. Гэхдээ хувийн хэвшлийн байгууллагууд ашиг олохоос илүүтэй, нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллах шаардлагатай гэж Шадар сайд С.Амарсайхан онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )