Халдвар авсан 49 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 08

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.08/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13269 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 108 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Тэдний гурав нь тусгай үүргийн онгоцоор ирсэн. Үлдсэн 105 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Уг 105 тохиолдлын 54 нь драмын театрын уран бүтээлч, ажилчин байна. Драмын театрын нэг уран бүтээлч халдвар авсан. Халдвар авснаа мэдэлгүй хөдөө тоглолтоор явсан байна. Түүний хавьтал болсон 119 хүний шинжилгээнээс 54-өөс нь халдвар илрээд байна. Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна" гэж ярилаа. 

Тэгвэл өнгөрсөн хоногт нийт 49 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Нийт Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 3336 боллоо. Үүнээс 2588 нь эдгэрч, эмнэлгээс гараад байгаа аж. Нийт хэвтэн эмчлэгдэж байгаа 732 хүн байгаагаас биеийн байдал нь маш хүнд хоёр байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Top