Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.08/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн хоногт халдварын шинжилгээг 13269 хүнд хийжээ. Үүнээс 108 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн нь батлагдсан байна. Тэдний 54 нь Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, ажилчид байгаа аж. Харин 49 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13269 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 108 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Тэдний гурав нь тусгай үүргийн онгоцоор ирсэн. Үлдсэн 105 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Уг 105 тохиолдлын 54 нь драмын театрын уран бүтээлч, ажилчин байна. Драмын театрын нэг уран бүтээлч халдвар авсан. Халдвар авснаа мэдэлгүй хөдөө тоглолтоор явсан байна. Түүний хавьтал болсон 119 хүний шинжилгээнээс 54-өөс нь халдвар илрээд байна. Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна" гэж ярилаа.
Түүнчлэн "Улсын драмын эрдмийн театрт жүжиг үзсэн 900 гаруй иргэн шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Гол нь шинжилгээнд хамрагдах хүртлээ гэртээ байх хэрэгтэй байна" хэмээн тодотголоо.