Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.08/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Өнгөрсөн хоногт 108 хүнээс халдвар илэрсэн бол 49 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан 108 хүний 54 нь УДЭТ-ийн жүжигчин, ажилтан байгаа юм. Үүнтэй холбогдуулан олон нийтийн сүлжээнд "Нэг хаалга, нэг шинжилгээ" арга хэмжээ ямар ч үр дүнгүй болсон гэх шүүмжлэл түгээд байгаа билээ.
Үүнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Бид "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээр ард түмэн маш хариуцлагатай сайн байсан жишээг харсан. Нийслэл хотын тахал тархалт болоогүй байсан гэдгийг харсан. Энэ ч утгаараа дараа, дараагийн ажлаа төлөвлөх, ерөнхий байдлаа мэдэх арга хэмжээ болсон. Харин энэ бүхний дараа бидний тайвшрал, үйл явдалтай холбоотой тархалт дэгдэж байна. Халдвар хүн ардад тархаагүй, голомтондоо байгаа. Улсын хэмжээний өргөжүүлсэн сайхан ажлынхаа үр дүнг хадгалж үлдэх хэрэгтэй. Гэхдээ драмын театрын 54 хүний цаана, 54 айл бий. Тэдний найз нөхөд, ах дүү гээд халдвар тархаад явчихдаг. Халдвар ингэж л тархдаг. Халдвар хаанаас авсан гэдгийг тэр болгон тогтоох боломжгүй. Хүн бүр сонор, сэрэмжтэй байх нь л чухал байна" гэх тайлбарыг өглөө.
Түүнчлэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13269 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 108 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Тэдний гурав нь тусгай үүргийн онгоцоор ирсэн. Үлдсэн 105 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Уг 105 тохиолдлын 54 нь драмын театрын уран бүтээлч, ажилчин байна. Драмын театрын нэг уран бүтээлч халдвар авсан. Халдвар авснаа мэдэлгүй хөдөө тоглолтоор явсан байна. Түүний хавьтал болсон 119 хүний шинжилгээнээс 54-өөс нь халдвар илрээд байна. Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна" гэж ярилаа.
Тэгвэл өнгөрсөн хоногт нийт 49 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Нийт Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 3336 боллоо. Үүнээс 2588 нь эдгэрч, эмнэлгээс гараад байгаа аж. Нийт хэвтэн эмчлэгдэж байгаа 732 хүн байгаагаас биеийн байдал нь маш хүнд хоёр байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.