Улсын Онцгой комисс өчигдрийн /2021.03.08/ хуралдааанаар өнөөдрөөс нийслэлийн 85 цэгт 15800 иргэнд вакцин хийх шийдвэрийг гаргасан билээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр хэлэхдээ "Энэ сард 508 мянган хүн, ирэх сард үлдсэн хүмүүсийг вакцинжуулна. Маргааш "Улаанбаатар цахилгаан түгээх станц", Орон сууц цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль зэрэг газрын ажилчдыг вакцинжуулна. Гуравдугаар сарын 10-наас худалдааны салбар, 11-нээс багш нарт вакцин хийнэ. Нийт 85 цэгт вакцин хийж эхэлнэ" гэж мэдээлсэн билээ.
Түүнчлэн Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан хуралдааны дараа "Онцгой комисс бүх нийтийн хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Шаардлагатай газарт хэсэгчилж хязгаарлах хэлбэрээр ажиллана. Хоёрдугаарт, маргаашнаас вакцинжуулах ажлыг эхлүүлнэ. Ирэх дөрөвдүгээр сар гэхэд насанд хүрсэн иргэдээ бүрэн дархлаажуулж дуусна. Аюулгүй, өндөр зохион байгуулалттай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Гуравдугаарт, халдвар хамгаалалтыг сайжруулах, зохион байгуулалт дээрээ анхаарч ажиллах чиглэл өглөө" гэдгийг мэдэгдсэн.
ӨНӨӨДӨР 15391 ХҮНИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛНА
Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комиссын удирдлагууд мөн вакцинжуулалтын асуудлаар хуралджээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж энэ үеэр эхний ээлжинд вакцинжуулалтад хамрагдах салбарынхныг танилцуулсан байна.
Тэрбээр “Худалдаа, үйлдвэр болон боловсролын үйлчилгээний хүмүүсээ эхний ээлжинд вакцинд хамруулахаар Засгийн газар, ЭМЯ-наас шийдсэн. Иймээс маргааш (өнөөдөр) Монголын үндэсний олимпын хороо, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэл, Монгол шуудан, Монголын хараагүйчүүдийн холбоо, МИАТ, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТҮК, орон сууц, цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас ОХУ-ын сургалтад явах албан хаагчид, нийгмийн хамгааллын тусгай төв, Тавантолгой, Дотоод хэргийн их сургууль, буяны зан үйлийн холбооны нийт 15391 хүнийг вакцинд хамруулна. Явуулын байдлаар вакцин хийх нь эрсдэлтэй. Ямар нэгэн байдлаар эмнэлгийн орчинд, эсвэл төвлөрсөн цэгүүдэд яаралтай тусламж, амилуулах тусламжийн багийнхнаа бэлэн байлгасан орчинд вакциныг тарих нь зүйтэй” гэсэн мэдээлэл өгөөд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Дэлхийн хэмжээнд ахмад настнууд 2-рт эрэмбэлэгдэж байгаа. Монголд хэдэд эрэмбэлэгдсэн юм бэ? Вакцинжуулалт бол ялгаварлан гадуурхалт биш гэдгийг хатуу сануулчихъя.