Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар авсан 103 хүний 92 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтал байжээ. Эдгээрийн 84 хүнд нь нэг дэх удаагийн шинжилгээгээр, 7 хүнд нь хоёр дахь удаагийн шинжилгээгээр, нэг хүнд гурав дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн байна.
Шинээр бүртгэгдсэн халдварын 103 тохиолдлын 11 хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа явагдаж байна. Эх уурхайг нь тодорхойлж байгаа хүмүүс БЗД-ийн 6, 14, 25, 26-р хороо, СХД-ийн 5-р хороо, ЧД-ийн 6-р хороо, СБД-ийн 1, 10, 15-р хороонд тус тус амьдардаг хүмүүс ажээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 19341 шинжилгээ хийгдэж, 103 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 3664 боллоо. Үүний нэг нь гадаадаас (2021.02.25-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн) зөөвөрлөгдсөн байна.
Ийн нийт зөөвөрлөгдсөн тохиолдолд 422 болсон бол дотоодын халдварын тоо 3134 хүрлээ. Харин Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 3664 боллоо.
Шинээр халдвар авсан хүмүүсээс Улаанбаатарт 102 нэмэгдэж, Улаанбаатар хотын нийт өвчлөл 2789 хүрсэн байна. Сүүлийн 24 цагт 60 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 2907 (79%) болжээ.