ЗӨСҮТ-ийн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг даалгалаа

Админ | Zindaa.mn
2021 оны 03 сарын 13

Шадар сайд С.Амарсайхан Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажиллах үеэр эмч ажилчдын цалин урамшууллыг нэмэгдүүлж, лабораторын хүчин чадлыг сайжруулах шийдвэр гаргав. Монгол Улсын хэмжээнд зоонозын халдварт өвчнүүдийг тандах, хянах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд нийт 15 аймагт салбартай юм.

Тус төв нь PCR шинжилгээний сорьц шинжлэхээс гадна ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж буй.

Kовидын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт 90-120 обьектод халдваргүйжүүлэлт хийж байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар батлагдсан тохиолдын явсан маршрутын дагуу 2140 гаруй обьектод нийт 496124м.кв талбайд халдваргүйжүүлэлтийг 9 багийн 50 ажилчид хийж гүйцэтгэжээ. Мөн хоногийн хугацаанд 2500 гаруй сорьц шинжилдэг бөгөөд лабораторийн хүчин чадлаас хамаарч шинжилгээний хариу удааширдаг талаар ЗӨСҮТ-ийн гүйцэтгэх дарга Н.Цогбадрах хэллээ.

Ковидын цар тахалтай тэмцэх ажилд Зоонозын өвчин судлалын төвийг чухал үүрэг гүйцэтгэж байгааг Шадар сайд онцолж хэлээд халдваргүйжүүлэлтийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг анхаарууллаа.

Сэжигтэй тохиолдол батлагдсан обьектуудад олон удаагийн давтамжтайгаар ариутгал хийх, халдваргүйжүүлэлтийн бодисын чанарт анхаарч, аж ахуйн нэгжүүдэд хэрэглэх заавар зөвөлгөөг өгч ажиллахыг ЗӨСҮТ-ийн удирдлагуудад анхааруулав. Мөн нийслэл дүүргийн удирдлагууд, Эрүүл мэндийн төвүүдтэй ЗӨСҮТ-ийг нэгдсэн зохион байгуулалтад орж хамтарч ажиллахыг холбогдох албаныханд чиглэл болголоо.

Иргэдийн шинжилгээний хариуг түргэн хугацаанд гаргах хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн хүчин чадлыг сайжируулж, ажилтан албан хаагчдын цалингийн шатлалыг нэмэгдүүлэх үүргийг Эрүүл мэндийн сайдад өгөв.

Эх сурвалж: Шадар сайдын Ажлын алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top