Эх уурхай нь тодорхойгүй 5 тохиолдол илэрлээ 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг өглөө. /2021.03.14/

Сүүлийн 24 цагт буюу өнөөдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд ХӨСҮТ болон бусад лабораториудад 17.894 хүнээс шинжилгээ авснаас коронавирусний 128 тохиолдол батлагдлаа гэж ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.

Нийт батлагдсан тохиолдлоос 5 нь эх уурхай нь тодорхойгүй  халдварууд аж. Эх уурхай нь тодорхойгүй байгаа 5 тохиолдол нь Баянзүрх дүүргийн 5-р хороо, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд амьдардаг иргэд юм байна. 

Шинээр батлагдсан 128 тохиолдлын 122 нь өмнө нь илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал аж. Эдгээрээс 10 хүний шинжилгээнээс хоёр дахь шинжилгээгээр вирус илэрсэн бол 112 хүнээс эхний шинжилгээгээр илэрчээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тоо  3961 боллоо. Үүнээс дотоодод бүртгэгдсэн тохиолдол 3430,  зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 423 болж байна. Улаанбаатар хотод батлагдсан нийт тохиолдол 3084 боллоо. 

Top