Улс даяар хөл хорионы УЛБАР ШАР түвшинд шилжлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Коронавирусний халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд байсныг өнөөдрөөс (2021.03.15) гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлж байна. Улбар шар түвшний хязгаарлалтын хугацаа 14 хоног үргэлжилнэ. 

Улбар шар түвшний хязгаарлалт улс орон даяар хэрэгжих ба спортын клуб, бэлтгэлийн заал, саун, бассейн, кино үзвэр багтаамжийнхаа 30 хүртэл хувиар үйлчлүүлэгч авч, үйл ажиллагаагаа явуулж болох юм. Харин караоке болон диско баар ажиллахгүй. 

ААН-үүд буюу хүнсний дэлгүүр, бусад зөвшөөрөгдсөн газрууд 22:00 цаг хүртэл ажиллана. 23:00-06:00 цаг хүртэл шөнөөр хөдөлгөөн хязгаарлана.


ХОТ БОЛОН ОРОН НУТАГТ ТҮР ЗОРЧСОН ИРГЭДЭД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ

Улбар шар түвшний дэглэмийн үеэр хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг мөн ижил хугацаанд хязгаарлана. Тодруулбал, Улаанбаатар хотоос орж, гарах хөдөлгөөн буюу хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг хязгаарлах тул зөвхөн эмнэлгийн үйлчилгээ, хүндэтгэх шалтгаантай иргэд ПСР шинжилгээтэй хувийн унаагаараа ирж, очно гэсэн үг. Ингэхдээ зарим зохицуулалтууд хийнэ.

Тухайлбал, Улсын онцгой комиссын Шуурхай штабаас Улаанбаатар хотод орон нутгаас ирээд буцаж амжаагүй иргэд PCR шинжилгээ өгч, байнгын хаягтаа буцах, мөн хөдөө орон нутагт зорчиж явсан Улаанбаатар хотын иргэн бичиг баримт, хаягийн бүртгэлийн дагуу оршин суух хаягтаа ирэхэд хязгаарлалт тогтоохгүй байх буюу иргэд байнгын хаягтаа очиход хязгаарлалт тогтоохгүй байх чиглэлийг аймаг, нийслэлийн Онцгой комисст өгсөн. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод ирээд буцаж амжаагүй хөдөө орон нутгийн иргэд PCR шинжилгээ өгч, хаягийн дагуу орон нутаг руу зорчиж болох бол хөдөө орон нутагт зорчиж явсан Улаанбаатар хотод оршин суух хаягтай иргэд хаягийн бүртгэлийн дагуу бичиг баримтаа үзүүлэн байнгын хаягтаа ирж болох юм. 

Түүнчлэн орон нутгийн хөдөлгөөн хязгаарласан 14 хоногийн хугацаанд Багахангай, Багануур, Налайх болон СХД, ХУД-ийн алслагдсан хороодод оршин суух иргэд, иргэний үнэмлэх, байгууллагын үнэмлэх зэрэг нотлох баримтаа үзүүлж, асуумж бөглөн постоор нэвтрүүлнэ. 

Хязгаарлалт тогтоож буйн гол зорилго нь дархлаажуулах ажлыг үр дүнд хүргэх. Учир нь Улаанбаатар хотын 10 хүн тутмын нэг нь вакцины эхний тунг тариулсан тул дараагийн тунг тариулах хүртэл халдвар авах эрсдэл байгааг тооцож хязгаарлалтууд хийж байгаа гэж албаныхан тайлбарлаж буй.

Цаашид өдөр бүр 16-20 мянган хүнийг вакцинд хамруулж, Улаанбаатар хотын насанд хүрсэн 1 сая иргэнийг 5 сар гэхэд вакцинжуулах шахуу хуваарьтай байгаа аж. 

Энэ 7 хоногт 50-с дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинд хамруулна. Үүний араас 18-25 насныхан, 26-49 насныхан дөрөвдүгээр сардаа багтаад хамрагдана гэж Улсын онцгой комиссоос мэдээлсэн билээ. . 
 



УЛБАР ШАР БҮС РҮҮ ШИЛЖСЭНЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХ 14 БАЙГУУЛЛАГА
 

1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Баар (Диско болон кароаке)

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

6. Сургалтын төв (Танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй)

7. Соёл урлаг 

8. Үзвэр үйлчилгээ (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)

9. Алжаал тайлах төв 

10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)

11. Саун, бассейн (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)

12. Дэн буудал 

13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд 

14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ (Дотоод орчинд 10-аас дээш хүнтэй)


УЛААНБААТАР ХОТ ДОТОРХ ХҮН, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ 23:00-06:00 ЦАГИЙН ХООРОНД ХЯЗГААРЛАНА
 

Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР руу шилжүүлсэнтэй уялдуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар захирамж гаргасныг танилцуулъя. 
 

  1. Худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож, зах, худалдааны төвүүдийн халдвар хамгааллыг сайжруулах, ажиллах өдөр, цагийн хуваарьт зохицуулалт хийж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
     
  2. Халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллыг мөрдүүлж ажиллах ёстой.
     
  3. Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд (эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) бүрэн хязгаарлаж, хэрэгжилтийг хангана.
     
  4. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх юм.
     
  5. Хөдөө орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай (эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил) иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай бусад) тээвэрлэгчдийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэн гаргах, халдварын тархалт бүртгэгдсэн газраас ПСР шинжилгээний хариутай, бусад бүс нутгаас асуумжаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж оруулах, маршрутын бус замын хөдөлгөөнийг бүрэн хяналтад авах чиглэл өглөө.
     
  6. Байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүйгээр ажилтан, албан хаагчдыг 30 хүртэл хувиар ажиллуулж, бусад албан хаагчдыг ажил үүргээ зайнаас гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэн, 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг гэрээр ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллага хуулийн этгээдийн удирдлагуудад зөвлөж байна" хэмээн ярилаа.
     


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top