Коронавируст халдварын нөхцөл байдлын өнөөдрийн мэдээллийн үеэр ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Б.Ууганбаяр тусгаарлалтын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ковид-19 өвчний тоо нэмэгдэж байгаатай холбоотой эмнэлгийн орны хүрэлцээний асуудал эрүүл мэндийн салбарт тулгарч байна. Тиймээс тодорхой зохицуулалтуудыг ЭМ-ийн сайдын тушаалаар хийгдэж байгаа.
Халдвар авсан нийт иргэдийн 84 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн байгаа. Тиймээс хөнгөн хэлбэрээр халдвар тусч байгаа иргэдийг цаашид эмнэлэгт тусгаарлаж эмчлэх үү, эсвэл гэрээр нь эмчлэх үү? гэдэг зохицуулалтуудыг хийхээр албаныхан ярьж байна.
Гэрт нь тусгаарлахад нэгдүгээрт гэрийн нөхцөл байдлыг харна. Тухайн хүний биеийг эмчийн үзлэгээр тодорхойлно. Үүний дараа энэ хүн хөнгөн байвал гэртээ тусгаарлах боломжтой гэдэг шийдвэр гарна. Үүний дараа мэргэжлийн хүмүүс гэрийнх нь нөхцөл байдлыг харж шийдвэр гаргана. Тухайлбал нийтийн байранд байдаг хүнийг гэрт тусгаарлахад эрсдэлтэй учраас энэ нь боломжгүй юм.
Мөн тухайн хүний биеэ тодорхойлох чадварыг харна. Тухайн хүн гэртээ үлчихээд өөрийн биеийн нөхцөл байдал, өөрчлөгдөж байгаа зүйлээ утсаар болоод бусад цахим хэлбэрээр эмч нарт эргээд мэдэгдэж чадахгүй нөхцөл байдалтай байвал иргэнийг гэрт нь үлдээх боломжгүй.
Мөн иргэний сонголт чухал. Хэдийгээр дээр хэлсэн нөхцөл байдлыг тухайн иргэн хангаж байгаа ч гэртээ тусгаарлагдахгүй, эмнэлэгт очъё гэвэл энэ нь нээлттэй.
Энэ шийдвэр яагаад гарч байна вэ гэвэл өмнө нь хөнгөн өвчилсөн Яармагийн 300 ортой эмнэлэгт хэвтэж байсан олон хүнээс гэртээ эмчилгээгээ хийлгэх тал дээр санал гаргаж байсан. Энэ дагуу холбогдох хүмүүс судлаад хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад явж байна" гэв.
Сэтгэгдэл ( 0 )