Коронавирусний AY.4.2 хувилбарын талаар юу мэдэх ёстой вэ?

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 26

Хэд хоногийн өмнө Их Британийн Эрүүл мэндийн агентлаг сүүлийн саруудад халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан коронавирусний “Дельта” хувилбарын шинэ мутацыг судлагдаж буй хувилбар ангилалд оруулжээ.

Тус агентлагийн мэдээллээр, “Дельта” хувилбартай харьцуулбал энэхүү “Дельта+” гэгдэж буй хувилбар Их Британид халдварын тархалтыг илүү эрчимжүүлсэн нь зарим судалгаанаас харагдаж байна. Гэсэн хэдий ч эцсийн дүгнэлт хийхийн тулд нэмэлт мэдээлэл шаардлагатай аж.

Ямар улсад бүртгэгдсэн бэ?

АҮ.4.2 дэд хувилбарын халдварын нийт тохиолдлын 96 хувь нь Их Британид бүртгэгдсэн бол Дани, Герман улсад тус бүр нэг хувь нь ногдож байна. Түүнчлэн, эл дэд хувилбар АНУ, Израил, ОХУ-д илрээд байна.

АҮ.4.2 дэд хувилбар хэр аюултай вэ?

Их Британийн эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, AY.4.2 дэд хувилбар нь дөнгөж үүсэж байгаа тул одоогийн байдлаар илүү хоруу чанартай гэхэд эрт байгаа аж.

Ковидын эсрэг вакцины хувьд эл дэд хувилбар вакцины үйлчилгээг буруулдаггүй байна. Зарим тохиолдолд мутацад гарсан бага зэргийн өөрчлөлт вирусний шинж чанарыг өөрчлөхөд хангалттай байдаг тул тус агентлаг AY.4.2 дэд хувилбарыг нарийвчлан судалж байна.Гэхдээ одоогийн байдлаар, “Дельта” хувилбартай харьцуулахад “AY.4.2” дэд хувилбар бага хувьсан өөрчлөгдсөн байна. “Альфа” болон “Дельта” хувилбарууд коронавирусний эх хувилбартай харьцуулахад 50-иас дээш хувь илүү халдвартай байсан бол энэ удаагийн дэд хувилбарын хувьд халдварлах чадвар нь бага зэрэг нэмэгдсэн байна. Тиймээс цар тахлын үйл явцад мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй гэж Лондонгийн их сургуулийн коллежийн профессор Франсуа Балло тодруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top