Алс Дорнод-Монгол Улс хоорондох бараа эргэлтийг 500 сая ам.долларт хүргэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбоотойгоор МҮХАҮТ-аас холбогдох байгууллагуудтай хамтран  арга хэмжээнүүд  зохион байгуулсан.  Үүний нэг нь “Буриад-Монгол: Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв” цахим хурал юм. 

Уг хурлын үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч М.В.Васильевын  тавьсан илтгэлээс  онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

Монголын тал Эрхүү муж, Бүгд Найрамдах Тува Улс, Байгаль нуур, Алтайн хязгаар нутаг ба Бүгд Найрамдах Алтай Улс, хоорондоо багагүй зайтай Хабаровск, Красноярскийн нутаг дэвсгэрийн хооронд идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлж байна.

Зүүн хойд Азийн дэд бүсийн олон талт хамтын ажиллагаанд нөлөөлж буй хоёр талын болон олон талт хөрөнгө оруулалтын үйл явцыг загварчлах өргөн платформыг Буриад улсад бий болгож байна.

Оросын Алс Дорнод ба Монгол Улсын хоорондох бараа эргэлтийг 42 сая ам доллараас 500 сая ам доллар болгож 12 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн.

Юрий Петрович Трутневийн Монголд хийсэн айлчлалын хэлэлцээрийн үр дүнд сонирхсон яамдууд Алс Дорнодын Холбооны тойргийн Монголтой хамтарсан шинэ төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар нарийвчилсан дүн шинжилгээ хийж, Алс Дорнодоос Монгол руу болон эсрэг чиглэлд экспортлох боломжтой олон төрлийн барааг нэгтгэх болно хэмээн тохиролцсон.

Алс Дорнодын Холбооны тойрогтой хийх худалдааны өсөлтийн томоохон боломж нь хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мод боловсруулах үйлдвэр, шингэрүүлсэн хий, био нөөц, эм зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг Монголд нэмэгдүүлэх, түүнчлэн үйлдвэр, барилгын томоохон аж ахуйн нэгжүүдийг Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорын төслийн хэрэгжилтэд холбож өгөх явдал юм.

Хорио цээрийн хязгаарлалтыг удахгүй цуцалсны дараа аялал жуулчлалын үйлчилгээний боломж асар их нэмэгдэнэ. Боловсролын үйлчилгээ, боловсон хүчнийг мэргэшүүлэх, давтан сургах үйлчилгээ үзүүлэх, ялангуяа Монгол Улсын мал эмнэлгийн албаны ажилчдыг сургах зэрэг чухал ач холбогдолтой.

Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх хүрээнд ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, БНХАУ-тай хиллэлдэг Замын Үүд чөлөөт бүсийн хөгжлийн хөтөлбөрүүдийг нэгэн зэрэг дэмжиж ажиллах нь чухал ач холбогдолтой.

Улаан-Үдээс Тяньжин хүртэлх АН-3 болон Зүүн төмөр замын коридорын дагуух авто тээврийг сайжруулах төслийг шинэчилж байна гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top