Улсын хэмжээнд 2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.3 сая толгой мал тоологдсоныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Нийт малын тоо өмнөх оноос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өсжээ.
Нийт мал сүрэгт хонь 46.2 хувь, ямаа 39.3 хувь, үхэр 7.5 хувь, адуу 6.4 хувь, тэмээ 0.7 хувийг эзэлж байна. Сүүлийн 30 гаруй жилд сүргийн бүтцэд ямааны тоо 19.5 нэгж хувиар нэмэгдсээр байсан бол энэ онд өмнөх оноос 2 нэгж хувиар буурчээ.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 4.3 сая адуу, 5.0 сая үхэр, 453.8 мянган тэмээ, 31.1 сая хонь, 26.5 сая ямаа тоологдлоо. Өмнөх онтой харьцуулахад хонь 1.0 сая буюу 3.4 хувиар, үхэр 288.8 мянга буюу 6.1 хувиар, адуу 230.1 мянга буюу 5.6 хувиар тус тус өсөж, ямаа 1.3 сая буюу 4.6 хувиар, тэмээ 19.1 мянга буюу 4.0 хувиар буурчээ.
2021 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5.9 сая мал тоолуулж тэргүүлсэн бол Архангай аймаг 5.6 сая, Хэнтий аймаг 5.0 сая, Төв аймаг 4.7 сая, Сүхбаатар аймаг 4.2 сая мал тоолуулж, улсад хамгийн их малтай байна.
Орхон, Сэлэнгэ, Завхан, Баян-Өлгий, Дорноговь, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Ховд, Увс, Хөвсгөл аймгуудад малын тоо өмнөх оноос 17.4-440.0 мянгаар өссөн бол Дархан-Уул, Говьсүмбэр, Улаанбаатар хот, Төв, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгуудын хувьд малын тоо өмнөх оноос 5.2-712.8 мянгаар буурсан байна.
Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг ямааны тоогоор тэргүүлсэн хэвээр байна.
Хамгийн олон малтай сумдыг дурдвал: Нийт малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 662.0 мянга, Хэнтий аймгийн Хэрлэн сум 529.3 мянга, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 523.1 мянга, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул 494.1 мянга, Архангай аймгийн Эрдэнэмандал сум 485.5 мянга мал тоолуулж малын тоогоор тэргүүлжээ.
Урьдчилсан дүнгээр төллөсөн хээлтэгч өмнөх оноос 2.9 сая, бойжуулсан төл 2.6 саяар буурсан байна. Мөн 100 эхээс бойжуулсан төл 68 байгаа нь өмнөх оноос 6 төлөөр буурчээ.
Улсын хэмжээнд 3.0 сая том мал зүй бусаар хорогдсоноос ямаа 1.5 сая, хонь 1.1 сая, үхэр 187.8 мянга, адуу 117.3 мянга, тэмээ 22.2 мянга байна.
Малтай өрх 2021 оны урьдчилсан дүнгээр 246.2 мянга болж, өмнөх оноос 4.2 мянга буюу 1.7 хувиар өссөн байна. Малтай өрхийг малын тоогоор нь бүлэглэж үзэхэд 50 хүртэлх малтай өрхийн тоо 7.2 хувиар, 51-200 хүртэлх малтай өрх өрхийн тоо 1.7 хувиар, 1000-аас дээш малтай өрх өрхийн тоо 5.4 хувиар өссөн бол 201-500 малтай өрх өрхийн тоо 1.4 хувиар, 501-999 малтай өрх өрхийн тоо 1.5 хувиар буурсан байна.
Мал тооллогын 2021 оны урьдчилсан дүнгээр нийт малтай өрхийн 76.6 хувь буюу 188.6 мянган өрх нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэрээ болгож байгаа малчин өрх байна. Малчин өрхийн тоо өмнөх оноос 7.5 мянга буюу 4.2 хувиар өслөө.
Сэтгэгдэл ( 1 )
2 хөлтэйг нь тоолбол нийлээд 70 сая малтай болжээ