Авто замын даацын хяналтад онцгойлон анхаарахыг зөвлөв

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын автозамчдын холбоотой хамтран автозамын засвар арчлалтын байгууллагуудын удирдах ажилчдад зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар компаниудын удирдлага, инженер техникийн ажилтнуудад мэдээлэл хийж зарим чиглэл, зөвлөмж өглөө.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас Алтанбулагаас Замын-Үүд хүртэл хурдны зам барих, 14 боомтыг хатуу хучилттай автозамаар холбох зорилтыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд нэгдүгээрт, автозамын бэлэн байдлыг хангахад хуваарилагдсан хөрөнгийг үр дүнтэй зарцуулах, хоёрдугаарт, шинэ техник, технологи ашиглах, эвдрэл, гэмтлээс урьдчилан сэргийлэн үзлэг, шалгалт хийж, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг ямагт чухалчилж байх ёстой. Гуравдугаарт, автозамын даацын хяналтад онцгойлон анхаарах, авто замын эвдрэл, гэмтлийг технологийн дагуу төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгэнэ.

Дөрөвдүгээрт, Төрийн өмчийн АЗЗА компаниуд шинээр нийлүүлэгдсэн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах ёстой. Тавдугаарт, цар тахлын нөхцөл байдлын үед аялал, жуулчлалын салбар зогсонги байдалтай байсан. Харин манай улс 2022 онд аялал, жуулчлалыг сэргээх зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд автозамын тэмдэг, тэмдэглэгээнд онцгойлон анхаарах ёстой. Өөрөөр хэлбэр жуулчид орон нутгийн замын тэмдэг, тэмдэглэгээнээс хэрэгтэй мэдээлэл авдаг байх ёстой юм. Зургадугаарт, зогсоол, талбайд ихээхэн анхаарал  хандуулна. Энэ хүрээд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Зогсоолын хөтөлбөр боловсруулсан. Хэрэгжилтийг хангах хүрээнд замын сангаас шаардлагатай хөрөнгийг ч шийдвэрлэсэн байгаа. Харин богино хугацаанд, чанартай гүйцэтгэх шаардлагатай. Эцэст нь, сүүлийн жилүүдэд уур амьсгалын хувьсал өөрчлөлт ихээхэн болж байна. Энэ нь авто зам, замын байгууламжийн бэлэн байдалд сөргөөр нөлөөлж таарна. Ийм учраас цаг уурын гэнэтийн хүчин зүйлд байнгын бэлэн байдлыг хангах нь чухал асуудал болоод байна” гэв.

АЗЗА компаниудын удирдлага, ажилчид тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон холбогдох албаныханд уламжилж, шийдвэрлэх арга замыг хэлэлцэв. Мөн цаашид ч уялдаа холбоотой ажиллаж, шаардлагатай мэдээллээр хангаж байхыг сайдын зүгээс үүрэг болголоо.

Зам, тээврийн хөгжлийн яам нь авто замын салбарын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг болох олон улс, улсын чанартай 14.918км автозамын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах зорилтын хүрээнд 2022 онд нийт 32 компанитай гэрээ байгуулан, автозам, замын байгууламжийн бэлэн байдлыг ханган ажиллах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top