Алслагдсан бүсэд гамшгийн мэдээлэл дамжуулах систем нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21
Цахим хөгжил харилцаа холбооны яам нь мэдээлэл, харилцаа холбооны шинэ дэвшилтэт технологийг дэмжих, оновчтой шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллага (APT)-тай хамтран “Алслагдсан бүс нутагт FM радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” сургалт зохион байгуулж байна.
 
Уг сургалтад Япон улсын KDDI сан, Далайн кабель, харилцаа холбоо корпорац /OCC/, WASEDA их сургууль, JTEC зэрэг байгууллагын төлөөллүүд, Онцгой байдлын ерөнхий газрын болон харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчдийн инженер, техникийн ажилчид хамрагдаж байна.
 
Энэхүү сургалтыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нээж үг хэлэхдээ АНДЦХБ, KDDI сантай хамтран хэрэгжүүлж буй “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах” төслийн ач холбогдол, үр дүнг онцлон тэмдэглэлээ.
 
ЦХХХ-ны сайд Н.Учрал сургалтыг нээж үг хэлэхдээ "Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбооны салбарыг бодлогын түвшинд дэмжин “Цахим Үндэстэн” болгох богино хугацааны зорилт дэвшүүлэн иргэн болон бизнесийн салбарыг бүхий л талаар дэмжсэн, хүнд сурталгүй, нээлттэй, хариуцлагатай, хяналттай төрийг төлөвшүүлэх, хүчирхэг эдийн засаг, бүтээлч хувийн хэвшил, оюунлаг иргэдийг бүтээхээр ажиллаж байна. Өргөн уудам нутагтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг манай орны өвөрмөц нөхцөлд хөдөөгийн малчид, ард иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх гол хэрэгсэл бол харилцаа холбоо, мэдээллийн технологи юм. Тиймээс ч бид Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллагын дэмжлэгээр “Монгол улсын хөдөө орон нутагт шинэ технологийн шилэн кабелийг элсэрхэг хөрс, хүйтэн бүсэд суурилуулан турших, хэрэглэгчдэд интернэт сүлжээ хүргэх” төслийг Япон улсын KDDI сантай хамтран, амжилттай хэрэгжүүлж дууссан бөгөөд энэхүү төслөөр нийт 69км, газар дээр ил татдаг шилэн кабелийг анх удаа суурилуулан туршиж, нийт алслагдсан, харилцаа холбоо дутагдалтай байгаа 330 гаруй хэрэглэгчид интернэт болон телефон утасны үйлчилгээг хүргэсэн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлсэн. Түүнчлэн одоо хэрэгжүүлж буй “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслөөр Хөвсгөл далайд анхны удаа далайн шилэн кабелийг суурилуулж мөн Хөвсгөл аймгийн Цагаан үүр, Налайх дүүргийн Тэрэлжид FM радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцыг суурилуулан, тухайн орон нутгийн нийт 600 өрхөд радиогийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийг хүлээлгэн өгнө. Ингэснээр эдгээр иргэд гамшгийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүлээн авах боломжтой болох юм” гэж онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top