Улс орон даяар эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ эхэлснээс хойш 356 мянга гаруй иргэн үзлэгт хамрагджээ. Үүнээс 314 мянган иргэний үзлэгийн дүгнэлт гарч дууссан байна. 41 мянган иргэний үзлэг шинжилгээ үргэлжлэн явагдаж байна.
Үзлэгт бүрэн хамрагдсан 314 мянган иргэнээс 189.106 сэжигтэй тохиолдол бүргэгджээ. Сэжигтэй тохиолдлын 57.9 хувь нь эмэгтэйчүүд, 42.1 хувь нь эрэгтэйчүүд байна гэдгийг өнөөдөр /2022.10.06/ ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээллээ.
Өвчлөлийн байдлыг аваад үзэхэд халдварт ба шимэгчид зарим өвчин буюу халдварт өвчний нийтдээ 4484 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, ХӨСҮТ-д шилжүүлсэн. Эндээс дараагийн шатны хяналтад авах, онош баталгаажуулах ажил хийгдэж байна.
Халдварт өвчний хувьд сүрьеэ, ДОХ, тэмбүү, В, С вирусийн халдварыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээгээр хийж байна. 18-30 насынхан дунд илүү бэлгийн замаар дамжих халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлж, дараачийн мэргэжлийн байгууллагат шилжүүлэн, онош баталгаажуулах ажил явагдаж байна.
Мөн эрт илрүүлгийн хугацаанд хортой болон хоргүй хавдрын 1357 тохиолдлыг илрүүлж, ХСҮТ-д илгээн, онош баталгаажуулах ажлууд хийгдэж байна.
Эрт үед илэрч байгаа ходоодны хавдрын тохиолдлыг үзлэг, шинжилгээ хийх явцдаа эмчлэх асуудлууд хийгдэж байгаа. Эрт илрүүлгийн үеэр эрт, хожуу үедээ байгаа хавдрууд байна. Гэхдээ ХСҮТ-өөс илүү нарийн тодорхойлж мэдээлэхээр байгаа. Ямар ч байсан хоргүй болон хортой хавдартайгаа мэдээгүй байсан хүмүүс энэ үзлэгээр илэрч байгааг анхаарах ёстой.
Насны бүлгээр нь авч үзвэл 1357 хортой, хоргүй хавдрын тохиолдлын 359 нь 61-ээс дээш нас, 525 нь 46-60 нас, 319 тохиолдол 31-45 нас, 18-30 насанд 23 тохиолдлыг илрүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )