ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Юнескогийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан тэргүүтэй төлөөлөгчидтэй хамтарч ажиллах уулзалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг хамтран боловсруулах, цахим боловсрол, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг дээшлүүлэх, Юнескогийн “Open Science”, “Open Education Resources”, багш нарын цахим ур чадварыг дээшлүүлж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой “ICT Competency for Teachers” хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ уулзалтын үеэр хэлсэн үгэндээ: Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай, тэнд амьдарч буй малчин өрхүүд мэдээллийн хүртээмжийн хувьд харилцан адилгүй байдаг. Монголын эдийн засгийн чуулганы үеэр хэлэлцсэн асуудлуудын нэг болох Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө манлайлан цахим боловсрол, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг сайжруулах аян өрнүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар дурдаад, Юнескогийн хиймэл оюун ухааны ёс зүйн хэм хэмжээ боловсруулах ажлыг манлайлан ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлсэн юм.
Юнескогийн зүгээс Ноён Шахбаз Хан: Юнескогийн Дэлхийн өвд бүртгэлтэй Монгол Улсын хэд хэдэн газруудад интернэтийн холболтыг хийж, иргэдэд цахимаар таниулах, өвийг нь хадгалах, цаашлаад аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх боломжтой байгааг дурдаад, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг дээшлүүлэх аяны хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар эргэн судалж, хариу мэдэгдэхээр тохиролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )