“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд химичдийн оролцоог нэмэгдүүлнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

“ХИМИ-2022” үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг “Шинэ сэргэлт-Химичдийн оролцоо” уриан дор ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, МУБИС, Монголын Химийн нийгэмлэг хамтран зохион байгууллаа. УИХ-аас баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэхэд химичдийн оролцоог тодорхойлох, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү хурлын зорилго чиглэгдсэн.

Хурлын үеэр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн зургаан сэргэлт, түүн дотор аж үйлдвэрийн сэргэлтэд химийн шинжлэх ухаан хамгийн чухал үүрэгтэйг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан онцоллоо.

Монгол Улс уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гарган авдаг үйлдвэрлэгч орон болоход Монголын химичдийн оруулах хувь нэмэр их юм. Шинжлэх ухааны салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг дээшлүүлэхэд санхүүжилт маш чухал бөгөөд яамнаас санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй, оновчтой болгох чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна.

Шинэ сэргэлтийг бодлогод туссан төслүүдийг хэрэгжүүлэхэд 38 мянган инженер шаардлагатай. Эдгээр инженерүүдийг бэлтгэхэд дунд сургуулиас эхлэн анхаарч, хүүхдүүдийг байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой болгоход чиглэсэн хөтөлбөр, лабораторийн орчин нөхцөлтэй болгоход анхаарч ажиллана.

Химийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас гадна энэ салбартай холбоотой бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж, яам, агентлагийн 60 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон үндэсний хэмжээний тус хурлын үеэр Монгол Улсад химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, химийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр тулгамдаж буй асуудал, цаашид хийх судалгааны ажлын чиглэлийн талаар ярилцаж, тодорхой саналуудыг боловсруулан, Боловсрол, шинжлэх ухааны сайд танилцуулав. Энэхүү саналыг Засгийн газарт танилцуулан, ажил хэрэг болгон ажиллахаар болоод байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top