Өнөөдөр дэлхийн философийн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан ШУА-ийн Философийн хүрээлэн, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс хамтран “ФИЛОСОФИ БА ШИНЖЛЭХ УХААНЫ ТАНИН МЭДЭХҮЙ: ОНОЛ-АРГА ЗҮЙН АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр ШУА-ийн Философийн хүрээлэнд зохион байгуулна.
Философи нь бусад хүмүүнлэгийн ухаан, нийгмийн ухаан, шинжлэх ухаантай харилцан холбогдож, дэлхий даяарх туршлага, соёлын олон ургальч үзлийг тусгаж, нийгмийн өөрчлөлтийн асуудалд шийдэл гарцыг олоход хувь нэмрээ оруулж байдаг мэдлэгийн салбар.
Иймд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-оос жил бүрийн арваннэгдүгээр сарын 3 дахь долоо хоногийн Пүрэв гарагт “Дэлхийн философийн өдөр” хэмээн зарласан бөгөөд ШУА-ийн Философийн хүрээлэн, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс хамтран 10 дахь жилдээ тэмдэглэж байна.
Энэ удаагийн хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС, ШУТИС, ШУА-ийн ФТХ, Удирдлагын академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Олон Улс судлалын Дээд сургууль, Дотоод хэргийн Их сургуулийн багш, судлаачид илтгэл хэлэлцүүлж оролцоно. Хурлын илтгэгчид, Философи мэдлэгийн арга зүйн үнэ цэн, философийн судалгааны арга зүйн чиг хандлага, Байгаль, нийгмийн шинжлэх ухааны философи арга зүйн асуудал зэрэг шинжлэх ухааны танин мэдэхүй, академик эрх чөлөө, ёс зүйн асуудлаар нийт 20 илтгэлийг хэлэлцэх юм.
Хуралд тавигдах илтгэлүүд нь философи ба шинжлэх ухааны танин мэдэхүйн хүрээний асуудлуудыг хамарч буй бөгөөд эмхэтгэл болгон хэвлүүлж тус хурлын үеэр нийтийн хүртээл болно. Тус илтгэлүүд нь эцсийн дүндээ философийн үүднээс шинжлэх ухаан, танин мэдэхүй, арга зүйн асуудлыг шинжилсэн, аливаа үзэл баримтлалыг үндэсний онцлог, сэтгэлгээний өв уламжлалдаа нийцүүлэн бүтээлчээр хэрэглэх боломж, арга замыг эрэлхийлсэн болохыг зохион байгуулагчид онцолж байна.
Сэтгэгдэл ( 0 )