Шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшлийн төлөө мэдлэг оюун, сэтгэл зүтгэлээ зориулан яваа эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, нийт ажилтан, ажилчид, эрдэм ухааныг эрхэмлэн дээдлэгч Монгол түмэндээ “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын ШУА-ийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалтай, эрдэм номын аяндаа арвин их олз омогтой байхын ерөөлийг өргөе.
2022 оны гэх орны эрдмийн хамт олон та бүхэн дор бүрнээ ажил үйлсдээ ахиц дэвшил гаргаж,амжилт бүтээл дүүрэн үдэхээр мэрийн зүтгэж, тодорхой томоохон үр дүнгүүд гаргаж байгаа нь нэн сайшаалтай, зүй ёсоор бахархан тэмдэглэх үйл хэрэг хэмээн миний бие ойлгож байна.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ жилийн төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Дэчингунгаагийн Доржготовт олгосон явдал бол манай Төрөөс шинжлэх ухаандаа үзүүлж байгаа өндөр үнэлгээ, том итгэл юм. Итгэлийг зүтгэлээр хариулах нь бид бүхний зүй ёсны үүрэг, хариуцлага байх нь дамжиггүй.
Монгол Улсын ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “100 жил - 10 зорилт” хөгжлийн санаачилга, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, БШУ-ны сайдын шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх 5 зорилт зэрэг шинжлэх ухаан, технологийг улсын хөгжлийн урт болон дунд, ойрын хугацаанд хөгжүүлэх төрийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шинжлэх ухаан, технологи, инноваци шийдвэрлэх үүрэгтэйг тал талдаа ойлгож, хамтран ажиллах боломжоо эрэлхийлж, мэдлэг мэдээлэл, арга туршлагаа солилцож, төр, хувийн хэвшлийн байгууллагууд бүтээлчээр хамтран ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоолоор салбарын албан хаагчдын цалингийн доод хэмжээг баталж, нийт албан хаагчид сүлжээний дээд буюу 5 дугаар шатлалаар цалинжих болсон нь залуу эрдэм шинжилгээний ажилтны хувьд тогтвор суурьшилтай ажиллах, ур чадварт суурилсан цалин, урамшууллын механизмыг бүрдүүлэх эхлэл болж байна.Монгол Улсын Засгийн газраас Шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох журам, Технологи дамжуулах төв, эсхүл дундын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих журам,Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлох, санхүүжүүлэх журам зэрэг салбарыг бүхэлд нь идэвхжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн чухал шийдвэр гаргаад байна.
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт шинжлэх ухаан, технологид зарцуулах улсын төсвийн зардлын хэмжээг 4 дахин нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа нь манай салбарынхны итгэл найдварыг төрүүлж, урам зоригийг сэргээж буйг талархан тэмдэглэе.
ШУА-ийн дотоод, гадаад хамтын харилцаа өргөжин тэлж, судалгаа хөгжүүлэлтийн ажил далайцтай өрнөн эрдэм судлалын олон арван томоохон бүтээлийг эрдэм судлалын эргэлтэд оруулж, нийтийн хүртээл болголоо. Шинжлэх ухааны салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөө зохион байгуулж,эрх зүйн орчныг сайжруулах, санхүүжилтийн тогтолцоог шинэчилж, бүтээмжид суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжих, хүний нөөцөө улам чадваржуулах, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлэх, салбарын зөөлөн, хатуу дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлаар нухацтай шүүн хэлэлцэж, тодорхой зорилго, зорилтуудыг дэвшүүлэн бодит ажил хэрэг болгон зүтгэж ажилласныг тэмдэглэхэд нэн таатай байна.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн баталгаа, ард түмний оюун санааны хөтөч болсон шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт, дэвшлийг бүтээгч эрдэмтэн судлаач, эрдмийн хамт олны нийт гишүүд Та бүхний номын гэгээн үйлс ямагт өрнөн дэлгэрч, улс орон, ард түмэндээ улам их өгөөжтэй байхын ерөөл дэвшүүлье.
Эрдэм номын цагаан мөр эгнэгт гэгээн саруул байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, АКАДЕМИЧ
ДҮГЭРИЙН РЭГДЭЛ
Сэтгэгдэл ( 1 )
“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн баярын мэнд хүргэе.\nБҮТЭЭН СОЁРХ ! \n-Сайн сайхан аж байдлын төлөөх,\n-Ухаалаг төхөөрөмж багаж хэрэгсэл, дрон, робот, ухаалаг ажлын байруудыг цаг алдалгүй уралдан зохион бүтээж хэрэглээ болгохын төлөөх \nшинэ Санаа Дэмжлэг Амжилт Бүтээл Биелэлт бүхний дээдийг хүсэн ерөөе.