Беларусийн эрдэмтэд археологи, малтлага, хээрийн судалгаанд оролцоно

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 03

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Боловсролын сайд А.И.Иванецыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Л.Энх-Амгалан сайд Монгол Улс болон Беларусь Улс хооронд дипломат харилцаа тогтсоны 32 жилийн ой тохиож байгааг онцлоод энэ хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалан, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр тэр тусмаа боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Талууд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Хоёр улсын Шинжлэх ухааны академи хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа бөгөөд беларусийн эрдэмтэд археологийн малтлага, хээрийн судалгааны ажилд оролцох боллоо.

Олон Монгол иргэн Беларусь Улсад суралцаж, боловсрол, мэргэжил эзэмшсэн. Одоо тус улсын тэтгэлгээр манай 28 оюутан Беларусийн техник мэргэжлийн дунд сургууль, их дээд сургуульд суралцаж байна. Цаашид Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

Уулзалтын төгсгөлд

  • Бүгд Найрамдах Беларусь Улсын Боловсролын яам болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын боловсролын салбарт хамтран ажиллах замын зураглал (2024-2026),
  •  Монгол улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын боловсролын баримт бичиг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр,
  •  Шинжлэх ухаан, технологийн салбарт Беларусь Улсын Үндэсний шинжлэх ухааны академи болон Монгол Улсын Шинжлэх ухааны академи хоорондын гэрээ,
  •  Бүгд Найрамдах Беларусь Улсын Янка Купалагийн нэрэмжит Гродненскийн улсын их сургууль, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээнд талууд гарын үсэг зурцгаав.

Сонирхуулахад, хоёр улсын Засгийн газар хоорондын “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Беларусь Улсаас олгож буй Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт манай улсаас өнөөдрийн байдлаар 28 оюутан суралцаж байна. Мөн Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан, Беларусийн суурь судалгааны сан хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Беларусь Улс 2009-2022 оны хооронд нийт 35 төслийг 323,7сая төгрөгөөр санхүүжүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top