
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хоёр дахь өдөр тус улсын төрийн өмчит CNPC (Хятадын үндэсний газрын тос компани) компанитай уулзалт хийлээ. Уулзалтаар шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ханган нийлүүлэлтийг хангах, хоёр талын эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэв.
Монгол Улсыг төлөөлөн АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням уулзалтын үеэр Монгол Улс дотоодын шатахууны хэрэгцээг тогтвортой хангах бодлогыг баримталж байгааг яриандаа онцлов. Мөн CNPC-ийн төлөөлөгчид Монгол Улсын зах зээлд шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгалах, нийлүүлэлтийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд компанийн боломж, төлөвлөгөөг танилцуулж, ирэх жилүүдэд хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортолдог бөгөөд ОХУ-аас 95 хувийг бүрдүүлж байгаа бол үлдсэн 5 хувийг БНХАУ-аас нийлүүлж байгаа юм. Тэгвэл албан ёсны айлчлалын хүрээнд энэхүү импортын хэмжээг нэмэгдүүлэхээр талууд хэлэлцэж, харилцан санал нэгдлээ.
Мөн Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүүлэх дамжуулах хоолойн төслийн хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхитэй хамтран ажиллахаар тохиролцов.



Сэтгэгдэл ( 0 )