Малдаа яваад сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ

2 цагийн өмнө

Өчигдөр онцгой байдлын байгууллагад малдаа яваад сураггүй болсон гэх хоёр дуудлага бүртгэгджээ.

Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сум, Хайрхан багийн “Бунхны цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 95 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/ тус аймгийн Баянцагаан сумын харьяат, малчин Э нь энэ сарын 18-ны 11:00 цагийн орчим хонио хариулж яваад төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 19:40 цагт хүлээн авсан байна.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид малчин Э /61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 20:40 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 23:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 4 км-т “Үзүүрийн цагаан-Овоо” гэдэг газраас эсэн мэнд олж, хүлээлгэн өгчээ.

Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Өнгөт багийн "Ихэн гашуун" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун хойд зүгт 27 км-т/ тус сумын харьяат малчин С нь өчигдөр 17:00 цагийн орчимд явганаар малдаа яваад төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:04 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан малчин С /62 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 23:53 цагаас зохион байгуулж, 19-ний 00:23 цагт “Ихэн гашуун” гэдэг газраас зүүн урд зүгт 20 км-т Сангийн далай багийн “Ар-Угтаал” гэдэг газраас эсэн мэнд олж, сум дундын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top