А.Баяр баяртай болох нь

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өөртөө тэтгэмж олгож, өрөөлийг зөвшөөрлөөр дарамталдаг, худалдаа эрхчлэгчдийг цаг сунгаж ажиллахыг даалгадаг, өөрийн удирдлагын эсрэг сөрөг довтолгоо хийдэг А.Баяр баяртай болох нь. МАН-ын Бага хурлаар тодорч, битүүдээ хотыг удирдах мөрөөдөлдөө автаж явсан А.Баярын мөрөөдөл ийнхүү эцэстээ замхрах нь тодорхой боллоо. Ер нь мөрөөдөлдөө умбаж байсан нь гагц тэр биш л дээ. Хот байгуулалтын сайдын сэтэртэй нэгэн эрхэм одоо ч мөрөөдөлдөө автаад өөрийгөө хотын дараагийн дарга болох нь гээд мэдээ сэвүүлээд буйг уншигч та мэдэж л байгаа байлгүй.

Он дөнгөж эхлэхтэй зэрэгцээд А.Баярын нэгэн “но” нийтэд ил болсон. Тэр нь өөрөө өөртөө нэг удаагийн тэтгэмж цохсон явдал байв. Нийт 14.1 сая төгрөгийн тэтгэмж. Төрийн хэмнэлтийн хууль гэж төсвөө нэг удаа тодотгоод, хэмнэлтийн горимд шилжих ёстой гэж Ерөнхий сайд нь хөмсөг зангидаж байхад хотын хурлын дарга нь ийнхүү тэтгэмж цохож л байдаг. Үүнээс хойш түүний коммунист үзэл суртал шил, шилээ дарна. Худалдаа эрхлэгчдийг шөнө дөл болтол ажилла гэж үүрэгдэнэ. Хятад шиг хотыг бүхэлд нь камертай болгоод хүчиндэгч болон элдэв хэрэг төвөгт орооцолдож болзошгүй этгээдийг олж тогтооно гэж мэдэгдсэн. Нийслэлийн иргэдийн хяналтгүй төсөв батална. Тэр нь хэдэн их наядаар яригдана.

"НИТХ-ын төлөөлөгчид бид Засаг даргынхаа хамт эв нэгдэлтэйгээр..." гэж НИТХ-ын дарга болохдоо хэлж байв. Тэр нь худлаа байж.

Коммунист суртал нь байг ээ гэхэд, Э.Бат-Амгалантайгаа нийлээд Хотын дарга Х.Нямбаатарынхаа эсрэг сөрөг довтолгоо хийснийг нь бодож олоход бэрхтэй. Тэрээр НИТХ-ын дарга болсныхоо дараа хэлсэн үгэндээ “Нэг ч иргэний эрх ашгийг гээхгүй ажиллах зарчмын хүрээнд эрхэм төлөөлөгч нартайгаа хамтран их сэргэлтийг хийх ажлыг эрчимжүүлэн ажиллаж, зөв Монголын төлөө чин сэтгэлээ зориулан НИТХ-ын төлөөлөгчид бид Засаг даргын хамт эв нэгдэлтэйгээр ажиллах болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэж байлаа. Тэр нь хоёр ч жилийн насгүй байж. Зохион байгуулалттайгаар Х.Нямбаатарынхаа эсрэг мэдээллийг сэвж, эцэстээ баярт мэдээ дуулах хүртлээ бүгээд, "Хашаагаа нээе" гэдэг санаачилгын автор нь өөрийгөө мэтээр "цацаж" эхэлсэн. МАН-ын Бага хурлын өмнө хотын намын аппаратыг солих тухай яриа хөөрөө эрчийг авсан. Угаасаа шинэ дарга томилогдсоны дараа аппарат солигддог нь жам учраас ийм яриа явах нь гарцаагүй л дээ. Гэхдээ. Х.Нямбаатарын хувьд арай өөр байсан. Тэр орон нутгийн сонгуульд намаа удирдаж ороод түүхэн ялалт байгуулсан. Хотын төсөв хэдэн их наядаар яригдах болж, өөртөө гал авсан ч хамаагүй томоохон төслүүдээ хөдөлгөж эхэлсэн. Гэтэл НИТХ-ын дарга А.Баяр нь хотын даргынхаа эсрэг довтолгоо хийж, аудитын газраа ч хөдөлгөх дээрээ тулж байв. Бага хурал гэхдээ шал өөр уур амьсгалтай байна билээ. Намын дарга нь ч, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь нийслэлээ дэмжиж, асуудлуудыг бодитойгоор шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгийг хэлсэн үгэндээ тодотгов. Хэрэв уншигч та анзаарсан бол Эх орончдын өдөрт зориулсан бөхийн барилдааны хойморт А.Учрал, Г.Занданшатар хоёр сууж байна лээ. Бодол нь нэг л гэсэн үг.

Тоосонд нь дарагдан хотын хурлыг даргалах болсон тэр эцэстээ Бага хурлынхаа өмнө Э.Бат-Амгалан гэх крантайгаа хотын удирдлагынхаа эсрэг сөрөн зогссон нь яав ч тохиолдлын хэрэг биш.

А.Баяр бол Э.Бат-Амгалангийн өнгөн дээр тодроод, түүний тоосонд дарагдан энэ хүрсэн нэгэн. Уг нь эмч мэргэжилтэй юм байна лээ. Даанч мэргэжлээрээ ажиллаагүй. Хартфортыг 2010 онд бизнесийн удирдлагаар төгсөөд 10 жилийн дараа МУИС-ийг эрх зүйчээр төгссөн. Цүнх баригчдын оройн дээд гэгдэх “JCI Централ” салбарын дэд ерөнхийлөгч байгаад МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 2016 оноос асуудал нь хэзээ ч шийдэгддэггүй Баянзүрхийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын даргаар сонгогдож байсан. Хамгийн сонирхолтой нь 2020 оноос Э.Бат-Амгалангийн зөвлөх байгаад эцэстээ хотын парламентыг удирдах болсон. Тоосонд нь дарагдан хотын хурлыг даргалах болсон тэр эцэстээ Бага хурлынхаа өмнө Э.Бат-Амгалан гэх крантайгаа хотын удирдлагынхаа эсрэг сөрөн зогссон нь яав ч тохиолдлын хэрэг биш.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top