Прокурорын байгууллага 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,891 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
“Э...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ө, ерөнхий нягтлан бодогч Г.О нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, санхүүгийн анхан шатны баримтгүйгээр компаний данснаас 4 тэрбум 776 сая төгрөгийг гарган авч их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах), Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Б.Ц, А.Б нар нь татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа “Д...” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалтыг хийхдээ албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), Эрүүгийн хуулийн 22.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах)-т зааснаар, хахууль өгөгч Г.Н-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-К.М нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн нэр бүхий иргэнд хуурамч гадаад паспорт олгож, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд бусдаас 2 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүллээ
-Г.Ц нь 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 88,9 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
-М.С нь 2025 оны 11 дүгээр сарын 12-19-ний өдрүүдэд 82,7 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт,
-У.И нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан 965,7 грамм хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан, мөн 3 хэсэг бүхий 194 мл хэмжээтэй шингэн хэлбэрийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн хэрэгт,
-Б.Л нь 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 15 мл хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан, мөн тээврийн хэрэгсэлдээ 6 ширхэг тариуртай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
-Ө.О нь зохих зөвшөөрөл авалгүйгээр олон тооны эм мэт зүйлийг Монгол Улсын хилээр импортолсон, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )