Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ өнөөдөр /2026.04.09/ “Судалгааг бизнест ашиглах нь” хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Арга хэмжээг нээж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн хэлсэн үгэндээ дэлхийн эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдал нь судалгаа, шинжилгээний ажлын ач холбогдлыг нэмэгдүүлж, бодлого болон бизнесийн шийдвэр гаргалтад илүү нягт уялдуулах шаардлагыг бий болгож буйг онцлов. Тэрбээр энэхүү арга хэмжээ нь судалгааны үр дүнг бодит хэрэглээнд нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог болохыг тэмдэглэлээ.

Судалгаанд суурилсан бодлогоор дамжуулан бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг илэрхийлж, өнөөдрийн хэлэлцүүлгээс бодит санал, шийдлүүд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хэлэлцүүлгийн хүрээнд “Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаа, статистикийн мэдээллийн нэгдсэн сан (www.1212.mn)-гийн хэрэглээ, ач холбогдол”, “Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах түлхүүр үзүүлэлтүүд”, “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан судлах судалгаа”, “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны таамаглал”, “COVID-19 сэдвийн хүрээнд микро өгөгдөлд суурилсан шинжилгээ” зэрэг илтгэлүүд хэлэлцүүлэв.

Түүнчлэн “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хөтөлбөр, бодлого”, “Мал аж ахуйн салбарын байгальд ээлтэй, тогтвортой ногоон хөгжлийг хангах шинэлэг шийдэл, үр дүн”, “Орон нутгийн хөгжлийн төвд хөдөө аж ахуйн нөөцөд тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээ, ложистикийн цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл (Булган)” зэрэг илтгэлүүд хэлэлцэгдэж, судалгааны үр дүнг бодлогын болон бизнесийн түвшинд ашиглах боломжуудыг хөндөн ярилцав.

Түүнчлэн бизнес эрхлэгчдийн захиалгаар судалгаа хийж гүйцэтгэдэг, консалтинг үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай танилцах боломжийг бүрдүүлсэн нь оролцогчдод практик ач холбогдол бүхий үйл ажиллагаа боллоо.

Сэтгэгдэл ( 0 )