Улсын ерөнхий прокурорын газрын сургалт судалгаа, хамтын ажиллагааны төвөөс хийсэн судалгаагаар энэ оны эхний улиралд 289 төрийн алба хаагч гэмт хэрэгт холбогдсон байна. Энэхүү мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн бөгөөд өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 67 хэргээр буюу 29 хувиар өссөн байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 51 нь төрийн тусгай алба хаагч, 53 нь төрийн захиргааны ажилтан, 37 нь улс төрийн алба хаагч, 148 нь төрийн үйлчилгээний байгууллагын ажилтан аж. Тэдний 141 нь эрэгтэй, 148 нь эмэгтэй юм байна.
Хууль хяналтын байгууллагууд шалгасан 231 хэргээс 64-ийг нь хэрэгсэхгүй болгож, 25-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бол 133 хэргийн байцаалт дуусаагүй байна. Шүүхээр таван хүний хэргийг шийдвэрлэж, хорих ялаар шийтгэжээ. Төрийн алба хаагчид хүний амь нас эрүүл мэндийн эсрэг 73, өмчийн эсрэг 44, албан тушаалын 49, авлигын 15 хэрэгт холбогджээ.

Сэтгэгдэл ( 0 )