Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар агсан өөрийн хайрт охин Д.Индрадаа зургаан настай байхад нь улаан хавтастай дэвтэр бэлэглэж байжээ. Тэрхүү дэвтэр дээр 1992 оноос эхлэн гэрээрээ орж гардаг байсан урлаг, улс төр, утга зохиолын хүмүүс охинд нь зориулж ерөөлийн үг бичдэг байсан аж. О.Дашбалбарын охин Д.Индра хэлэхдээ “Аав минь охиндоо зориулж Монголын оюуны сор болсон хүмүүсээр ерөөлийн үг бичүүлж охиныхоо замыг гэрэл гэгээтэй болгохоор гаргасан дэвтэр байсан. Ерөөлийн үг 1000 болохоор ном болгож надад бэлэглэнэ гэдэг байлаа. Харамсалтай нь 1999 онд аавыг минь бурхан болоход 150 хүн ерөөлийн үг бичсэн байсан. Ерөөлийн үг хэдийгээр 1000 болоогүй ч ном гаргах хэрэгтэй гэж бодсон юм. Тэгээд ч ном тухайн үед манай гэрээр орж гардаг байсан хүмүүсийн намтар түүх болон үлдэж байгаа юм” хэмээн фэйсбүүк хуудсандаа бичиж үлдээсэн байна. Д.Индра охин “Аавын бэлэглэсэн улаан дэвтэр” номынхоо нээлтийг ирэх 5-р сарын 2-нд хийхээр болсон байна. Мөн тэрээр “Эх орон, оюун санаа, яруу найраг” нэртэй яруу найргийн наадам, эрдэм шинжилгээний хурал болон каллиграфийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )