Дуучин П.Жимсээ: Хуучны дууг сэргээж дуулах нь шинэ дуу дуулахаас ч хэцүү

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

“Таван эрдэнэ”, “Зүрхний уянга” зэрэг дуугаараа олонд танигдсан залуу уран бүтээлч П.Жимсээ ирэх тавдугаар сарын нэгэнд анхны бие даасан тоглолтоо хийх гэж буй. Дуучин бүсгүй энэхүү тоглолтоо “Таван эрдэнэ” дуугаар нэрийдсэн бөгөөд сонирхолтой олон сюрпризийг үзэгчдэдээ барихаар зэхсэн гэнэ. Ингээд түүнтэй уулзаж ярилцсанаа толилуулья.

-Уран бүтээлээ хийж эхэлснээс хойш нэлээд хугацааг үдсэн байна. Анхны тоглолт ч жаахан хожуу болж байх шиг?

-Анх оюутан байхдаа буюу 2005 онд Болорцэцэг, Ирина гэдэг хоёр найзтайгаа хамтран “Vertous” нэртэй хамтлаг байгуулж, “Миний ээж тэмээчин” дуугаа мэргэжлийн түвшинд хоолой салган дуулж байлаа. Түүнээс хойш гурав, дөрвөн ч дууг хамтдаа дуулсан. Гавьяат жүжигчин Вандан, Дуламсүрэн хоёрын дуулсан “Вансэмбэрүү”, мөн “Зүрхэнд ойрхон амраг”зэрэг дууг амьдруулсан. Даанч охидын хамтлаг маань нэг их удаан оршин тогтнож чадаагүй. Нэг найз маань гэр бүлтэй болж, нөгөөх нь гадагшаа явах болсон тул 2007 оноос хойш ганцаараа уран бүтээл хийж эхэлсэн. 2004-2013 оны хооронд хийсэн уран бүтээл минь гэвэл одоо 40 гаруй дуу бий. Тэр бүхнээс шилж сонгосон 14 дуугаараа өнгөрсөн онд “Таван эрдэнэ” хэмээх анхны бие даасан цомгоо гаргасан. Ирэх тавдугаар сарын нэгэнд “Таван эрдэнэ” анхны бие даасан тоглолтоороо үзэгч, сонсогчидтойгоо уулзах гэж байна даа.

-“Таван эрдэнэ” бол хүмүүсийн сэтгэлд хоногшсон хуучны дуу. Сүүлийн үед залуу уран бүтээлчид маань олны сонорт хүрсэн хуучны дуунуудыг сэргээж дуулах маягаар өөрийгөө таниулдаг болж. Энэ тал дээр ямархуу бодолтой явдаг вэ?

-Миний цомогт “Ээжийн бүүвэйтэй хорвоо”, “Таван эрдэнэ”, “Миний ээж тэмээчин”, “Цэцэгчний хүслэн” зэрэг хуучны дуунууд бий. Хуучны уран бүтээлийг сэргээж дуулах, шинэ дуу дуулахаас ч хэцүү шүү дээ. Олны сэтгэлд хоногшсон тэр сайхан дуунуудыг шинэ үеийн залууст дахин хүргэх учраас өмнөх дуучны хэмжээнд хүртэл дуулах маш их хариуцлага оногдоно гэсэн үг. Зүгээр л нэг хоёрын хооронд дуулсан болчихвол тэрхүү бүтээлийн үнэ цэнэ, утга учрыг алдагдлуулах аюултай. Тэгэхээр хуучны дууг дуулах нь нэлээд хариуцлагатай, хүнд даваа гэж боддог юм.

-Таны уран бүтээлд ихэвчлэн ямар сэдэв зонхилж байна вэ?

-Нутаг ус, ээж аавын сэдэвтэй дуунууд зонхилдог. Мэдээж, хайрын дуу байлгүй яахав. Сүүлийн үед хайрын сэдэвтэй уянгын дуунууд руу нэлээд орж байгаа. Хамгийн сүүлд миний “Зөрүү тавилан” дуу гарсан. FM, радиогийн хит дууны жагсаалтад нэлээд дээгүүрт багтаж байгаа гэж сонссон. Яагаад ч юм бэ, сүүлийн үед хөгжмийн зохиолч, яруу найрагчид маань надад энэ төрлийн дуу дуулах санал их тавих болж. Энэ чиглэлийн дуунууд их зохих юм байна гэсэн үүднээс ийм дуу өгч эхэлсэн.

-Дуучин А.Түмэн-Өлзийтэ хамт кино зохиомж хүртэл хийгээд авсан удаатай?

-Тийм ээ, өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд охид, эмэгтэйчүүд, ээжүүддээ зориулаад бид хоёр “Хайлан” хэмээх долоон дуутай ино концерт хийсэн. Мөн бид хоёр “Хайлан” нэртэй маш гоё дууг хамтарч дуулсан. Хайлан гэдэг чинь их гоё, эрхэмсэг үг. Энэ ч утгаараа, уг дууныхаа нэрээр кино концертоо нэрлэсэн юм.

-Тоглолтод тань ямар уран бүтээлчид оролцох бол оо?

-Хамтарч ажилласан уран бүтээлчид маань оролцоно. Соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч Пүрэвсүрэн маань бий. Өөрийнх нь зохиосон “Хослон жаргая” дууг бид хоёр хамтарч дуулсан. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Отгонгэрэлтэй хамтарч “Зүрхэнд ойрхон амраг” дууг хамтарч дуулсан. Мөн хамтлагийнхаа зарим дууг ч түүнтэй хамт дуулж байлаа. “Өмөөрөх эх орон”, “Хайрын бороо” зэрэг дууг хамтарч дуулсан Эрдэнэбаатар маань ч ирж оролцоно. Мэдээж хэрэг, Түмэн-Өлзий маань ая дуугаа өргөнө. Уран бүтээлийн анд, амьдралын маань хамгийн нандин найз гэсэн үг шүү дээ. Тоглолтын ард 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

-Өвөрмонголын найруулагчтай хамтарч ажиллаж байгаа гэсэн, үнэн үү. Тэр хүн нь дуучин С.Сэрчмаагийн нөхөр гэж хэвлэлээр шуугиад байгаа?

-Үгүй ээ, тэр ёстой худлаа мэдээлэл. Өвөрмонголын хөгжмийн зохиолчтой хамтарч хоёр уран бүтээл хийснийг маань буруугаар ойлгосон бололтой. Ер нь, тэндхийн уран бүтээлчид манай дуучидта их хамтарч ажилладаг шүү дээ. Ялангуяа нийтийн дуучидтай хамтарч ажиллах нь их. Түүнээс биш, би дуучин С.Сэрчмаагийн нөхөртэй хамтарч ажилласан гэдэг нь ор үндэсгүй зүйл.    

-Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгаланд таныг алгадуулсан гэж хэсэгтээ л ярьсан. Үнэхээр тийм зүйл болсон гэж үү?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав ахын хөгжим, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар ахын шүлэг “Өмөөрөхх эх орон” дууг УИХ-ын гишүүн асан, кёкюшүзан Д.Батбаяр ах маань ивээн тэтгэж хийлгэсэн бүтээл байхгүй юу. Энэ дууг хамтарч дуулсан Эрдэнэбаатар ах маань түүний хамаатан. Гэтэл энэ дууг Д.Батбаяр ах ивээн тэтгэж хийлгэснийг дуулаад зарим хүмүүс буруугаар ярьж, биднийг нэр холбож байсан удаатай. Тэгтэл сүүлд намайг дуучин Т.Баясгалантай хүлээн авалт дээр таараад алгадуулсан гэх мэтээр гүтгэж бичсэн байсан. Энэ бол үнэхээр худлаа мэдээлэл. Д.Батбаяр ахын хамаатны дүүтэй цуг дуулж, энэ бүтээлээ ивээн тэтгүүлсэн болохоос биш ямар нэгэн өөр холбоо тогтоогоогүй.

-Эмэгтэй уран бүтээлчид иймэрхүү ярианд өртөх нь элбэг. Мөн залуу дуучдын хувьд, ивээн тэтгэгчийн эрэлд “хатдаг” нь ч нууцгүй үнэн?

-“Ээждээ зориулаад ийм дуу хийлгэснээ чамаар дуулуулах хүсэлтэй байна” гээд ирэх ах, эгч нар байлгүй яахав. Ээждээ зориулж хийлгэсэн дуугаа тэд ивээн тэтгэх нь тодорхой. Эмэгтэй уран бүтээлчдийн хувьд, иймэрхүү захиалгын чанартай дуу дуулахаар “Энэ хүнтэй болздог. Бүх юмыг нь хийж өгсөн байна шүү дээ” гэж хардаж сэрдэн, гүтгэж бичдэг нь муухай санагддаг. Надад нутаг ус, ээж аавын сэдэвтэй ийм дуу олон бий. Тэр болгоныг маань ингэж буруугаар ойлгож, хар муу энерги дагуулж болохгүй л дээ.    

 

-СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн гэдэг. Гэхдээ сүүлийн үед дуучид маань ардын болон уртын дуу, поп, нийтийн дуугаар хүчээ сорих болсон. Таны хувьд, ийм бодол бий юу?

-Сургуулиа төгссөнөөс хойш би уртын дуугаар хоёр жил хичээллэж байна. Монголын маань сонгодог урлаг гэгддэг уртын дууг сонгосон нь ч учиртай. Би дуурийн дуучин хүн гээд сэтгэл ханах болоогүй. Монгол хүн, тэр тусмаа дуучин хүн гэдэг утгаараа гадагшаа дотогшоо их явна шүү дээ. Гадаадад очоод ардын болон уртын дуугаар эх орныхоо өв уламжлал, соёл урлагийн гайхамшгийг харуулж чаддаг байх ёстой гэсэн үүднээс Ардын жүжигчин А.Нэргүй багш дээрээ хоёр жил гаруй хугацаанд хичээллэж байгаа.

-Гадаадын уран бүтээлчид шиг хэн нэгэн продюссерийн ивээлд багтаж, урлагийн салбарт өөрийгөө таниулах боломж манайд ховор. Ийм ч учраас ихэнх дуучид найр наадам хэсч, “халтуур” хийсэн мөнгөөрөө уран бүтээлээ залгуулдаг байх?

-Яалт ч үгүй, уран бүтээлчид маань “халтуур” хийж мөнгө олдог. Хөдөө гадаа тоглолтоор явах нь их. Ямар ч байсан, дуунд дуртай ард түмнийхээ буянд болж л байна.(инээв)

-Жимсээ гэсэн нэрийг тань сонирхох хүн олон бий. Найз нөхдийн хувьд, янз бүрээр дуудах нь ч энүүхэнд байх?

-Хүмүүс их асуудаг л даа. “Эгшиглэн, Маралжингоо, Ану гэдэг шиг энэ чиний уран бүтээлийн нэр үү” гээд л... Энэ бол миний эцэг эхийн өгсөн нэр. Хөгжилтэй нь, зарим үед хүмүүс “Танай эгчийг чинь Алим, ахыг чинь Банана гэдэг үү” гэж асуух нь бий. Манай ах, эгч нар огт өөр нэртэй хүмүүс шүү дээ. Би дөрвөн эгч, дөрвөн ахтай. Айлын хамгийн бага нь. Ах, эгч нар маань миний арын фронт л гэсэн үг дээ.(инээв) Ээж аавынхаа дэргэд энэ есөн хүүхэд ид бужигнаж өссөн дөө. Сахилгагүй ч гэж жигтэйхэн.

-Ярианаас тань үзэхэд хот ахуй гэхээсээ илүүтэй хөдөө “амьтай” юм шиг санагддаг. Нутаг руугаа хэр очдог вэ?

-Миний аав Увс аймгийн Малчин сумын харьяат Магсарын Пүрэвжав гэдэг хүн бий. Ээж минь Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Сосорын Даваажав гэж хүн байсан. Харамсалтай нь, бурхан болоод хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Би өөрөө Увс аймгийн Улаангом суманд төрсөн учраас яалт ч үгүй энэ нутгаараа овоглох учиртай хүн. Хэдийгээр малчин айлд төрж өссөн ч гэлээ, хотод амьдрах болсоор удаж байна. Нутаг руугаа нэг их явдаггүй л дээ. Ямар ч гэсэн, “Таван эрдэнэ” тоглолтоо хийчихээд нутагтаа очих санаатай байна. Анхны бие даасан тоглолтоо нутаг усныхандаа сонирхуулна.

-Тоглолтын сюрприз ч нэлээд их байгаа сурагтай?

-Байлгүй яахав. Ялангуяа тоглолт маань 19 цаг 20 минутад эхэлнэ гэхээр хүмүүс их гайхаж байгаа. Ямар учиртайг нь бид нар ерөөсөө хэлээгүй. Тоглолтод маань очиж үзээд мэдээрэй гэж үзэгч, сонсогчидоо хэлье. Би ганцхан дуулаад байх биш, өөр олон сайхан сюрприз байгаа шүү. Дурсамж сэргээх сонин содон зүйлээр дүүрэн тоглолт болно.

-Манайд болж байгаа ихэнх тоглолт товлосон хугацаанаасаа хоцорч эхэлдэг “бичигдээгүй хууль” бий. Гэтэл та нар бүр минут заачихаж?

-Тоглолт маань яг товлосон хугацаандаа эхэлнэ. Хамгийн гол нь, тэр 19 цаг 20 минут гэсний учрыг мэдэхийн тулд эрт ирээрэй гэж хэлмээр байна. Хамтарч ажиллаж байгаа байгууллага олон бий. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Намир” продакшин, ерөнхий ивээн тэтгэгчээр “Торгон хийц” компани, хувцас гоёлын тал дээр “Сондор” салон, ивээн тэтгэгчээр “Оргилон дэлгэрэх ус”, хэвлэлийн ивээн тэтгэгчээр “MNS PC” үнэт цаасны компани, Монголын сайтуудын холбоо зэрэг маш олон байгууллага хамтарч ажиллаж байна даа.

-Нийтийн дууны ертөнцөөс цөөнгүй хос төрсөн. Таны хувьд, найз залуутай юу?

-Одоохондоо найз залуу байхгүй. Тоглолтынхоо дараа энэ талаар нухацтай бодно оо.(инээв)

-Тодорхой хэмжээгээр олонд танигдсан хүн болохоор гадаад төрхөө их анхаарна биз. Таны гоёлын сонголт ямархуу байдгийг сонирхоё?

-Нэг их айхтар брэнд гэж хөөцөлддөггүй. Миний тоглолтын ихэнх хувцсыг “Торго” салонынхон урласан. Үндэсний хэв маягаа шингээсэн үнэхээр гоё загвартай хувцаснууд бий. Мөн даашинзыг минь урладаг Учрал гэж бүсгүй бий. Утга учиргүй гоёл чимэглэл гэхээсээ илүүтэй би энгийн хэрнээ эрхэмсэг харагдахыг л хүсдэг. Уран бүтээлч хүний хувьд, тайзны гоёл байгаа ч нэлээд даруухан талдаа шүү.

-Таны сонирхож цуглуулдаг зүйл чинь юу байна вэ?

-Хамтлаг, дуучдын цомог болон янз бүрийн сувинер цуглуулдаг. Хун, усан онгоцны сувинер дийлэнх хувийг нь эзэлнэ шүү.

-Дуучин болоогүй байсан бол..?

-Санхүү талдаа нэлээд сонирхолтой шүү. Энэ салбарт л ажиллах байсан болов уу. Гэхдээ багаасаа л урлаг соёлын ажилд идэвхтэй явсан болохоор тэр тухай боддоггүй. Тавдугаар ангид байхаасаа эхлэн Монголын хүүхдийн ордонд Ганчимэг багшийнхаа удирдлаган дор суралцсан. Аравдугаар анги төгсөөд шууд СУИС-т орж байсан даа.

-Ярилцсанд баярлалаа.

Р.Мөнгөн  



Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жимсээ(203.91.115.45) 2025 оны 03 сарын 13

2  |  0
а(202.131.235.70) 2025 оны 03 сарын 13

ХУУЧИН ДУУ ДУУЛАХ ХЭЦҮҮ ЮМ БОЛ ШИНЭ ДУУ ДУУЛААД ОД БОЛООЧЭЭ

2  |  0
ХҮНИЙ ХООЛНООС ИДЭЖ БАЙЖ ЭЗНИЙХ НЬ НЭРИЙГ ДУРЬДАЖ БАЙ(183.81.169.21) 2025 оны 03 сарын 13

УГЗ З.БАТСҮХ АГСАН ЭНЭ ТАВАН ЭРДЭНЭ ДУУНЫ АЯЫГ ЗОХИОСОН ТҮҮХЭЭ МҮОНР-ЫН АЛТАН ФОНДНО 4 ЖИЛИЙН ӨМНӨ ӨГСӨН ЯРИЛЦЛАГАДАА СҮЦ ҮЕД ХАВРЫН ТУХАЙ ДУУНЫ УРАЛДААН ЗАРЛАГДАХАД ШАЛГАРУУЛАЛТЫНХ НЬ ӨМНӨХ ШӨНӨ ДАХИЛТЫГ НЬ ЭХЭЛЖ ЗОХИОГООД ДАРАА НЬ БАДГАА ЗОХИОГООД ӨГЛӨӨ НЬ НЭГ НЭРД ГАРААГҮЙ ....-Р ДУУЛУУЛААД ӨГЧИХСӨН ЧИНЬ ТҮРҮҮЛЧИХСЭН ГЭЖ ЯРЬСНЫГ ТА ОЛЖ СОНСООРОЙ.СЭТГЭ

2  |  0
Top