Царайлаг, басхүү хүүхэмсэг нэгэн залуугийн дурлалын тоглоомонд “төөрсөн” гурван бүсгүйн өнгө төрх, үзэл бодол ээлжлэн харагдах мөч... Ах нь харийн орныг зорьж, ээжтэйгээ хоёулханаа үлдсэн Цэнгэл зугаа цэнгэлд хэтэрхий автаж, төрсөн гэрээ болзооны газар болгожээ. 20-иодхон настай гэнэн хонгор охин, амьдралын амтыг ид мэдэрч яваа цоглог бүсгүй, гуниг ганцаардлаа эд хөрөнгөөр халхалсан цайлган эмэгтэйн дунд тэр ёстой л толгой нь эргэсэн бололтой. Хүүгийнх нь нэрлэсэн энэ “бизнес” нэртэй дурлалын тоглоомонд ээж нь хүртэл автаж, гурван бүсгүйн ааш аягт тохируулан амьдрах гэж хэрэндээ л жүжигчин болчихно...
Тийм ээ, энэ бол “Найзууд” театрын “Гэнэтийн бэлэг” жүжгийн хэсэг. Тусгаар тогтнолын ордны тайзнаа тавигдаж буй энэхүү бүтээлээс амьдралын үнэ цэнэ, хайр дурлалын мөн чанар, хүмүүний зүрх сэтгэлийг өнгийг уншигч та бүхэн тольдох биз ээ. “Гэнэтийн бэлэг” жүжигт УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах, Г.Отгонцэцэг, жүжигчин Э.Ууганбаяр, П.Шүүдэрцэцэг, “Гайз” хамтлагийн дуучин Д.Лхагва, “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр нар тоглож байгаа юм. Ингээд тус жүжгийн Нараад тоглож буй УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэгтэй ярилцсанаа та бүхэнд хүргэе.
-Уран бүтээлчид маань жүжиглэхийн зэрэгцээ дуулж, бүжиглэсэн нь үзэгчдийг гайхашруулж чадлаа. Энэ бүтээлд хэдийнээс эхэлж бэлтгэсэн бол?
-“Гэнэтийн бэлэг” жүжгийн талаар Ууганбаяр, Уянгаа бид гурав өнгөрсөн оны зунаас эхэлж төлөвлөсөн. Энэ дагуу бэлтгэл ажлаа хийж явсаар өдгөө тайзан дээр амилуулж байгаа хэрэг. “Найзууд” театрынхан маань урьд нь “Амьдралын амт” уран сайхны кино хийж байсныг уншигч, үзэгчид маань сайн мэдэх болов уу. Дэлгэцийн анхны бүтээлээрээ “Найзууд” театрынхан өөрсдийгөө харуулж чадсан гэж боддог. Харин одоо тайзны анхны бүтээлээрээ үзэгч олонтойгоо уулзаж байгаадаа баяртай байна. Жүжгийнхээ төрөл жанрыг бид драмын, инээдмийн, мюзикл гэхээсээ илүүтэй романтик гэж тодорхойлсон. Хэдийгээр дуу, бүжигтэй ч гэсэн мюзикл жүжиг арай өөр байдаг. Дуулалт жүжиг ч гэсэн үүнээс ялгаатай. Харин бүх зүйлийг нэгэн цогц байдлаар үзэгчдэд хүргэсэн энэ жүжиг романтик төрөл жанрт багтана. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ гээд л тухайн уран бүтээлчээс бүхий л талын авьяасыг нь шавхсан гэдэг утгаараа яг тохирно. Энэ ч утгаараа, жүжигчдээс гадна дуучид хүртэл “Гэнэтийн бэлэг”-т тоглож байна. “Киви” хамтлагийн Ука болон манай Ууганбаяр, Шүүдэрцэцэг, Лхагва нар ч тайзны бүтээлд тоглож байгаагаараа онцлог. Жүжгийн найруулагчаар ангийн маань охин буюу Ууганбаярын эхнэр Уянгаа ажилласан. Нэг анги, баг хамт олны санаачилж хийсэн бүтээл учраас сэтгэл хангалуун байгаа.
-Таны хувьд, хайрын сэдэвтэй олон жүжигт тоглож байсан. Харин энэ дүрийн хувьд, бусдаас юугаараа онцлогтой байгаа бол?
-Тэгэлгүй яахав. Романтик жүжиг гэдэг утгаараа, би Нараагийн дүрийг үзэгчдэд илүү романтик талаас нь харуулах гэж оролдсон. Хэдийгээр хайр дурлалын сэдвийг хөндсөн ч гэлээ, үзэгчдэд хүргэх мессеж ихтэй учраас илүү хөнгөн байдлаар тоглох хэрэгтэй. Тэртээ тэргүй нийгэм маань тэр чигээрээ стресст автчихсан байгаа энэ үед “Гэнэтийн бэлэг”-ээ дуу, бүжигтэй, илүү хөнгөн байдлаар үзэгчдэд мэдрүүлье. Нөгөө талаар, хайрын үнэ цэнэ, утга учрыг ойлгуулья гэсэн үүднээс их хичээж байгаа. “Гэнэтийн бэлэг”-т дандаа бүтэлгүй хайрууд байгаа ч гэсэн, инээдмийн цаадах эмгэнэл харагдана. Дуу, бүжиг, жүжгийн нэгэн цогц байдлаар гаргахад хүндрэлтэй байх нь тодорхой. Яагаад гэвэл, энэ бол дууны тоглолт биш. Бас бүжгийн тоглолт ч биш. Бүхэл бүтэн жүжиг учраас дуу, бүжгээ үүнтэй авцалдуулж тоглоно гэдэг амаргүй даваа. Ямар ч байсан, энэ том ажлын ард гарсандаа маш их баяртай байна. Уянгаа маань энэ жил СУИС-ийн найруулагчийн ангийг магистр зэрэгтэй төгсч байгаа. “Гараа сайн бол бариа сайн” гэдэгчлэн анхны уран бүтээлээ үзэгчдэд барьж, юу сурч мэдсэнээ харуулж чадсанд нь найзаараа бахархаж, амжилт хүсч байгаагаа дуулгая.
-Нийгэмд бараг түгээмэл болчихсон “дурлалын гурвалжин”-гаас болоод хайрын үнэ цэнэ алдагдсан. Ялангуяа, зугаа цэнгэл хөөсөн эрчүүдээс болоод охид бүсгүйчүүд маань хайр дурлалд итгэл алдарч, хань ижлээ сонгох тал дээр ч хатуухан байр суурьтай явдаг болж. Хувь хүнийхээ үүднээс, энэ талаар та ямархуу бодолтой байдаг вэ?
-Тэр үнэн шүү. Хайр дурлал ямар ч үнэ цэнэгүй болчихсон нь нууц биш. “Гэнэтийн бэлэг” жүжигт ч энэ бүхэн бий. Нэг нь үнэн сэтгэлээсээ хайрлаж дурласан байхад, нөгөөх нь ашиг сонирхлын үүднээс харьцах жишээтэй. Тухайлбал жүжгийн гол дүр буюу Цэнгэл гэх энэ залуу ажил амьдрал нь тогтсон, чинээлэг эгчмэд бүсгүйгээс авсан эд хөрөнгө, бэлэг сэлтээрээ эргээд 20 гаруйхан настай залуу охины сэтгэлийг татаж, хувийн ашиг сонирхлын үүднээс шохоорхож байна. Харин өөр нэгэн бүсгүйн хувьд түүнийг үнэн сэтгэлээсээ хайрлаж байгааг ч эс тоож, зөвхөн зугаацахын тулд харьцаж байна. Гэтэл өнөөх нь цаанаа гэр бүлтэй атлаа түүнд тэмүүлж явсныг сүүлд нь мэддэг. “Гэнэтийн бэлэг”-т гарч байгаа энэ мэт олон төрлийн хайр өнөөдөр манай нийгэмд бараг хэвшмэл болчихсон. Тиймээс хосууд маань битгий бие биеэ хуураасай, ариун нандин сэтгэл дээр үндэслэж ургасан тэр сайхан хайр дээр амьдрал тогтдог учраас үнэ цэнийг нь хадгалж яваасай гэж хүсдэг.
-УДЭТ-ын хайрын жүжгийн өдрүүд эхэлчихсэн. Та ямар жүжгүүдэд тоглож байна вэ?
-“Хайрын домог” уянгын драмын жүжигт саяхан тоглолоо. Үүнээс гадна “Хар санаа, хайр сэтгэл”, “Хайрын виз”, “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгүүд тоглогдоно. Театрынхан маань ирэх зургадугаар сард “Норовын намтар” хэмээх хүүхдийн жүжгээр барихаар төлөвлөсөн. Бэлтгэл ажил ч хэдийнэ эхэлчихсэн. Миний хувьд уран бүтээлийн олз омог ихтэй, цаг зав багатай л явна.
-Дуулах, бүжиглэх авьяасаараа үзэгчдийг гайхуулж чаддаг жүжигчин бүсгүй маань цомог гаргах талаар төлөвлөсөн үү. Хүмүүсийн яриагаар бол, хэдийнэ бэлэн болчихсон гэх юм?
-Болоогүй ээ.(инээв) Цаг хугацааны хувьд, арай л болоогүй байна. Одоохондоо жүжигчнийхээ ажлаар илүү их дагнаж яваа болохоор яаруу сандруу тийм зүйл хийхгүй. Мэдээж хэрэг, цаашид өөрийн гэсэн цомог гаргана.
-Үзэгчдэдээ хандаж хэлэх үг тань?
-Энэхүү сайхан “Гэнэтийн бэлэг” романтик жүжиг үдэш бүр Тусгаар тогтнолын ордонд тавигдаж байна. Инээд наргиан, дуу бүжиг хослуулсан энэ жүжгийг үзээд гарахдаа илүү их ухаарлыг олж аваасай. Дуу хөгжим, бүжиг, жүжигтэй “Гэнэтийн бэлэг”-ээс та бүхэн хайр гэж юу болохыг жинхэнэ утгаар нь мэдэрч чадах болов уу. Залуу уран бүтээлч биднийгээ үргэлж дэмжиж явдаг үзэгчдэдээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Р.Мөнгөн
Сэтгэгдэл ( 4 )
ene huuhen tsarailag bailaa yu.
huurhun jvjig bolson bn lee
Otgontsetseg Bol ladyman
Narmandah egch ene 3 huuhnees ch iluu haragdaj baina shuu.